Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдах Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 25 дугаар цэцэрлэгийн шинэ барилгын шав тавих ёслол 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр болов.
60 орчим жилийн түүхтэй энэхүү цэцэрлэг нь Улаанбаатарын ууган цэцэрлэгүүдийн нэг боловч барилгын ашиглалтын хугацаа дууссан, хамрагдах хүүхдүүдийн тоо нэмэгдсэн зэргээс үүдэн цэцэрлэгийн барилгыг шинээр барьж байгаа юм. Цэцэрлэг 2020 оны 9 дүгээр сарын1-нд ашиглалтад орох бөгөөд 240 хүүхэд хүлээн авах багтаамжтай аж.
Эмиратын Засгийн газрын буцалтгүй тусламжаар мөн 2019 онд Хэнтий аймгийн Хэрлэн сум, Дорноговь аймгийн Сайншанд суманд тус бүр 100 хүүхдийн багтаамжтай 2 цэцэрлэг барьж байна.
Сүүлийн 4 жилд АНЭУ-ын Засгийн газраас байгаль орчны бохирдолтой тэмцэх, махчин шувуудыг хамгаалах, зарим дүүргийн Эрүүл мэндийн төвд эмнэлэгийн орчин үеийн тоног төхөөрөмж, сургуульд компьютер, ус цэвэршүүлэх төхөөрөмж нийлүүлэх, Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн Хүүхдийн уншлагын танхимыг тохижуулах зэрэг арга хэмжээнд нийт 1 сая 350 гаруй мянган ам.долларын тусламж үзүүлжээ.
Ёслолын ажиллагаанд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Аль-Тунейжи болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монголын хүүхэд багачууд аятай тухтай, эрүүл орчинд сурч боловсрох нөхцөл бололцоог бүрдүүлэхэд АНЭУ-ын Засгийн газраас ийнхүү өгөөмөр дэмжлэг үзүүлж байгаад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.