Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр цахимаар мэдээлэл хүргэлээ.
Мэдээллийн эхэнд НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Улсын онцгой комисс, нийслэлийн Онцгой комиссын албан даалгавраар ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хяналтыг эрчимжүүлж ажиллаж байна. Үүний дагуу албан хаагчид сүүлийн гурван хоногт ой хээрийн гурван түймэр гарсныг шуурхай ажиллаж унтраасан.
Мөн албан хаагчид коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд томоохон гудамж талбайд иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх, ухуулан сурталчлах ажиллагааг зохион байгуулж байна. Маскаа зүү аяны хүрээнд нийслэлийн барилга байгууламж, орц гарцанд 40 мянган стикер байршуулах ажлыг зохион байгуулсан. Ирэх зургадугаар сарын 10 хүртэл нийслэлийн 59 амуудад 10:00-20:00 цаг хүртэл хөдөлгөөнт эргүүлийг хийж хяналт тавьж, ногоон бүст аялаж зугаалахгүй байх гал түймэр тавихгүй байхад анхаарна” гэв.
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргүүдэд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг суурилуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор нийт 200 мянган ширхэг угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг нийлүүлэх ажил хийгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт 65 мянган угаарын хий хэмжигч төхөөрөмж Улаанбаатар хотод хилээр дамжиж ирсэн бөгөөд халдваргүйжүүлэлтийн ажил явагдсан. Маргаашнаас эхлэн нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 14 хороонд угаарын хий хэмжигч тараана. Гурав хоногийн дотор тарааж дуусна гэсэн төлөвлөгөөтэй байна. Угаар хэмжигч төхөөрөмжийг иргэдийг олноор цуглуулах буюу бөөгнөрөл үүсгэхгүй байдлаар тараана” хэмээлээ.