COVID-19-ийн халдар дэлхий нийтэд тархаад байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан. Үүнтэй холбогдуулан цэцэрлэг, суруулийн сурагчдаас гадна оюутан залуус хөл хорионд орж, гэртээ байгаа.
Иргэн бүр хариуцлагатай байх энэ цаг үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас, улс даяар “Залуучууд коронавирусийн эсрэг нэгдэж байна” аяныг өрнүүлж, халдварт өвчний үед ажиллах сайн дурын ажилтнуудыг Монгол Улсын өнцөг булан бүрт бэлтгэхээс гадна Залуучуудын хөгжлийн төвд маск хандивлах аяныг зохион байгуулж буй.
Тэгвэл “Залуучууд коронавирусийн эсрэг нэгдэж байна” аянд “Нар сар” студийн дэргэдэх “DRUM STICK” хамтлагийн залуус нэгдэж, ТВ-5 телевизээр амьд хөгжмийн тоглолт зохион байгуулахаар боллоо.
Тоглолт энэ сарын 18-ны 16.00-18:00 цагт ТВ5 телевизийн “Студи-400”-гаас орон даяар цацагдах бөгөөд тоглолтын үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэ онцгой цаг үед Монгол Улсын нийт гэр бүл, хүүхэд, залуус руу хандсан ямар үйл ажиллагаа зохион байгуулж буй талаар зарим мэдээллийг өгнө. Мөн энэхүү МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний үндэсний зохицуулагч С.Намсрайжав, жүжигчин Э.Ууганбаяр нар гамшиг онцгой байдлын үед сайн дурын ажилтан залуусын талаар мэдээлэл өгөх бол Төв аймаг, Сонгинохайрхан дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн ажилтнууд, холбогдох бусад албаныхан залуус руу чиглэсэн ямар ажил хийж байгаа талаар мэдээлэл өгөх ажээ.