Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Ч. Улаан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа нар НҮБ-аас Хүнсний болон хоол тэжээлийн аюулгүй байдалд COVID-19-ийн нөлөөллийг бууруулах арга хэмжээний хүрээнд хэрэгжих 62,000 ам.долларын техник туслалцааны төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд 4000 кг хүнсний ногооны үрээр төвийн тариалангийн бүсийн 1430 тариаланчдыг хангахын зэрэгцээ тариаланчдын техникийн мэдлэг, чадварыг сайжруулах чиглэлээр сургалтанд хамруулах юм.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Бидний тавьсан саналыг хүлээн авч шуурхай шийдвэрлэж өгсөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, суурин төлөөлөгч Винод Ахужа танд баярлалаа. Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалдаг манай ногоочид тариаланчдад үрийн дэмжлэг маш том дэмжлэг болно. Төр захиргааны байгууллагууд газрын асуудлыг нь шийдэж өгнө.
Үрийн дэмжлэгийг бид хамтраад шийдэж өгч байгаа учраас одоо зохион байгуулалтын ажлууд үлдэж байна. Тун удахгүй тариалалт эхлэх гэж байгаа энэ чухал цаг үед амжиж шуурхай ажиллан хүнсний болон хоол тэжээлийн аюулгүй байдалд COVID-19-ийн нөлөөллийг бууруулах арга хэмжээг ийнхүү хэрэгжүүлж байгаад Монгол улсын Засгийн газрын өмнөөс талархал илэрхийлье гэлээ.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа,
Өнөөдөр батлагдсан хүнсний ногооны үрээр хангахад дэмжих зорилготой төсөл бол нэгдүгээрт одоогийн нөхцөл байдалтай холбоотойгоор, хоёрдугаарт Засгийн газрын тавьж байгаа зорилтуудыг дэмжихээр бид нар хамтарч ажиллаж байгаа юм. Хүнсний ногоо тарьж, өрхийн аж ахуй эрхэлдэг 1400 өрхийг төрөл бүрийн хүнсний ногооны үрээр хангахад бид дэмжиж ажиллана. Энэ ажлыг бид үрийн дэмжлэг төдийгүй хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх, бичил бодисын дутагдлын асуудалд тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Энэхүү үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж монголчуудын эрүүл мэндийн асуудалд бодитой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ .