Улсын Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нар болон холбогдох албаны хүмүүс өчигдөр Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин болон олон улсын стандарт шаардлага хангасан аврах ажиллагааны иж бүрэн тоноглол бүхий машиныг хүлээлгэн өглөө.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, алба хаагчидтай уулзах үеэрээ “Гамшиг ослын үед иргэдийнхээ төлөө ажилладаг, бүх цаг үед хэзээд бэлэн байдалд ажилладаг Онцгой байдлын хэлтсийн техник тоног төхөөрөмж, автомашины шинэчлэлийн ажилд Засгийн газар, нийслэл, ОБЕГ анхаарч ажиллаж байгаа. Захын гурван дүүргийн Онцгой байдлын хэлтсийн машин техникийн асуудал хүндрэлтэй байдаг. Харин энэ асуудлыг үе шаттайгаар ийнхүү шийдвэрлэж байна.
Түүнчлэн Улсын Онцгой байдлын ерөнхий газарт эрүүл мэндийн зориулалтаар болон бусад гамшиг ослын үед ашиглах дөрвөн нисдэг тэрэг ирж байгаа. Ингэснээр бид цаг алдахгүйгээр иргэддээ үйлчлэх боломжийг бүрдүүлж чадна. Эдгээр байгууллагуудыг бэхжүүлж байж бид бүх төрлийн гамшиг ослоос иргэдээ урьдчилан сэргийлэх эрчимжүүлэх, гамшиг осол гарсан тохиолдолд авран хамгаалах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм” гэлээ.
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Л.Чинбат “Налайх дүүрэг газар нутгийн хувьд Тэрэлж рүү чиглэсэн аялал жуулчлалын бүс, Сүхбаатар, Дорнод, Хэнтий рүү явах авто замууд хамрагддаг учраас хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Үүнийг дагаад авто замын осол гарах нь ч их. Иймд өнөөдөр онцгой байдлын алба хаагчдын ажил үүргээ хурдан шуурхай гүйцэтгэхэд шаардлагатай туулах чадвартай сайтай, аврах ажиллагааны төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон автомашинтай болж байгаадаа баяртай байна. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс тоног төхөөрөмж, автомашины хувьд 100 хувь ажиллах боломж бүрдэж байна” хэмээсэн юм.
Эхний ээлжийн 2.3 км авто замыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна
Налайх-Чойр чиглэлийн авто замын уулзвар буюу Налайхчуудын хэлж заншсан Бөмбөрцөгтэй уулзвараас 3 дугаар хорооны төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэл шинээр бариглаж байгаа 4.4 км авто замын ажлын явцыг шалгалаа.
Тус ажлыг “ЗБИБ” ХХК, “Моторсервиз” ХХК хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд эхний ээлжийн 2.3 км авто замын зорчих хэсгийг ирэх зургаадугаар сарын 20-нд нээхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Зураг төслийн дагуу дугуйн зам, явган замын ажил мөн хийгдэх аж.
Хотын Захирагч “Авто замын зорчих хэсгийн ажлыг тохижилтын ажилтай хамтад нь хийгээд явах хэрэгтэй. Замын ажлын хажуугаар хийх ажил их бий. Ажил гүйцэтгэж байгаа компаниуд ажлыг чанартай, стандартын шаардлага хангаж ажиллах ёстой шүү” гэдгийг анхаарууллаа.
Мөн энэ онд Улаанбаатар-Багануур чиглэлийн авто замаас Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Алтайн хэсэг “Божү” ХХК-ийн хүнсний дэлгүүр хүртэлх авто зам, Уурхайчдын 2 дугаар гудамж Аюулгүй тойргоос МТ шатахуун түгээх станц хүртэлх авто зам, Замчины 1 дүгээр гудамж хүртэлх авто замын ажлыг хийх бөгөөд одоогоор тендер шалгаруулалтын ажил үргэлжилж байгаа юм.
Тохижилт, дулааны шугамын өргөтгөлийн ажлыг чанартай шаардлагатай гэв
Нийслэлийн Засаг дарга болон Хотын ерөнхий менежер нар авто замын ажлын явцыг шалгахаас гадна Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн тохижилтын ажил болон Таван шарын орчмын шугам сүлжээний ажлын явцыг шалгасан юм.
Эрүүл мэндийн төвийн тохижилтын ажлын тухайд гүйцэтгэгч компани ирэх зургаадугаар сарын 15-нд хийж дуусгахаар ажиллаж байна. 5700 метр квадрат хатуу хучилттай зам, 70 автомашины зогсоолтой, авто болон явган замын гэрэлтүүлэг, гадна орчны камер суурилуулах, 3400 метр квадрат явган зам талбайн ажил бүхий иж бүрэн тохижилтын ажлыг ийнхүү хийж гүйцэтгэж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга ажлын явцыг шалгах үеэрээ “Явган хүний замд яагаад сандал байрлуулчихсан байгаа юм. Үүнийгээ өөрчилж, явган хүний замд сандал байруулсныг засаарай. Тохижилтын гүйцэтгэлийн ажил тааруу байна шүү. Ажил хийж байгаа бол хийсэн шиг хийх хэрэгтэй” гэдгийг хатуухан хэллээ.
Тус дүүрэгт нийт 1.5 км дулааны цэвэр, бохир усны шугам, төв дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Гүйцэтгэгч компанийн хувьд ирэх зургаадугаар сарын 1-нд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Ажлын гүйцэтгэлийг чанар, стандартын дагуу хийх ёстой. Үүнд дүүргийн Засаг дарга болон холбогдох албаны хүмүүс хяналтаа сайн тавьж ажиллах хэрэгтэй байна. Мөн аюулгүй байдлаа хангаж, гадна орчноо цэвэрлэж, шугам сүлжээний дулаалгын ажлыг маш сайн хийх хэрэгтэй” хэмээн анхаарууллаа.