Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит мэдээлэл боллоон Өнөөдрийн байдлаар COVID-19 халдвар дэлхийн 213 улс оронд бүртгэгдэж, нийт 2.5 сая хүн өвчлөөд байна. Мөн өвчний улмаас 177 мянга гаруй хүн нас барсан бол одоогоор 1.7 сая хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 5,642 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт өвчлөлийн тоо 53 мянгад хүрээд байна. 51 хүн өчигдөр нас барсан нь энэ өвчлөл гарснаас хойш тус улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм. Мөн Буриадад 163, Эрхүүд 68 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Бүх бүртгэгдсэн тохиолдлын 3,000 гаруй нь Москва хотын орчимд ногдож байгаа учир тус хотод өнөөдрөөс эхлэн шинэ дэглэмийг мөрдүүлж байгаа аж.
Үүнд, машинаар явах бол цахимаар машины дугаараа бүртгүүлэх, нийтийн тээврээр зорчих бол мөн цахимаар бүртгүүлэх, томуу төст өвчнөөр туссан бол өөрийгөө 14 хоног тусгаарлах зэрэг багтжээ.
ОХУ-ын Эрүүл мэндийн яамны зүрх, судасны мэргэжилтэн дүгнэхдээ, даралт ихсэх зүрхний архаг өвчтэй хүмүүс COVID-19 халдвар авсан бол хүндэрч, амь нас эрсдэх магадлал өндөр байгаа гэж анхааруулжээ. Мөн үйлчилгээний газрууд кофе, цайгаар үйлчлэхгүй байх болоод хүн бүрийг өөр, өөр өрөөнд үйлчилгээ үзүүлэх, иргэд 20 минутын зайтай үйлчлүүлэх гэх зөвлөмж өгч байгаа аж.
Манай улсын хувьд ажиглалтад 1,228 хүн байгаа бөгөөд өчигдөр шинээр 38 хүн ажиглалтад нэмэгдэж, 43 хүн ажиглалтаас гарсан. 24 цагийн 119 утсанд 226 дуудлага ирсэн. Тус утсаар Ирланд, ОХУ-аас манай иргэд холбогдож, энэ өвчний талаар мэдээлэл авжээ.
Түүнчлэн нийт дуудлагын 70 хувь нь бага насны, өсвөр насны хүүхдүүдийг амны хаалтгүй явж байгаа талаар мэдээлсэн байна. Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдүүдийг гадаа тоглуулахгүй, амны хаалтыг зүүлгэж байх шаардлагатайг анхааруулж байна” гэлээ.