Үйлдвэрчний эвлэлийн үүрэг уг нь товчхон. Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчны хүрээнд хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах зорилготой. Бүр энгийндээ бол ажилчдын цалин хөлс зохистой байна уу, цагаараа таатай орчинд ажиллаж чадаж байна уу гэдэгт санаа тавина. Яг энэ хэлбэрээрээ дэлхий нийтэд ойлгогддог. Манайд ч үлгэр жишээ үйлдвэрчний хороод бий. Хувийн хэвшилд өнөөхөндөө төгөлдөржөөгүй ч төрийн мэдлийн байгууллага, үйлдвэрийн газруудад аль социализмийн үеэс хэлбэршээд тогтчихсон сайн талтай. Гэхдээ дарга цэргийн сэнтий сандал, улстөржилтийн урдаа барьдаг жад нь болчих гээд байдаг. Зарим нь бүр энэ чиглэлээрээ мэргэшиж “шантаажчин” гэсэн алдар ч зүүгээд авсан. Олон жишээ бий. Доор дурдах болохоор ингэсгээд орхиё. Тухайлбал, МҮЭ-ийн үе үеийн дарга нараас гадна “үйлдвэрчний” гэдэг тодотголоороо хамгийн их олонд танигдсан хүн бол “Эрдэнэс Тавантолгой”-н С.Эрдэнэ байна. Таван жилийн өмнө өөрийгөө шатааснаасаа хойш мандчихаад одоо бол Тавантолгойдоо “бүх юмны дарга” болж дархлагдчихаад байгаа.
Тэр өөрийгөө шатаадаг хэвлэлийн хурал дээр нь сууж байсан хүний хувьд хэлэхэд мань эр яг шатчих бодолгүй байсан шиг санагддаг. Шатамхай бодис заавал хүргэх хэрэггүй, наана нь гал дөхүүлэхэд л дөл авалцчихдаг болохоор хамт ирсэн хүмүүс нь ч, өөрөө ч, тэнд байсан сэтгүүлчид их балмагдсан даа. Буруу санаагүй бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эргэж тойрч, Эрдэнэс тавантолгойн мөнгөөр гадаадад эмчлүүлээд л. Хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө шатаасныхаа төлөөсөнд 100 гаруй сая төгрөг авсан, Нүхтэд амины орон сууцтай болсон гэдэг яриа ч чих дэлсдэг. Ингээд нэгэн цагт Социал демократ намын хэрэг эрхлэх газарт жолооч явсан, Тавантолгойд усны тэрэгний жолооч ажилтай С.Эрдэнэ алдаршиж, хүн болгон хүндэтгэдэг боллоо. Тэр үйл явдлын үр дүнд тавантолгойн жолооч нар талархдаг.
Гэхдээ саяхан танилтайгаа таарахад таван жилийн өмнө “С.Эрдэнийг шүтсэн ч яадаг юм” гэж явсан хүн жигтэйхэн муу болчихжээ. Хариуцлагатай хүний нүдээр харахад их хэцүү байдаг бололтой. “Ер нь бол операторчин хүн. Ажлаа хийхгүй өрөөндөө тамхи татаад, заримдаа архи уугаад сууж байдаг. Тойрон хүрээлэгч хэдэн хүнтэй болсон, тэд нь ч ялгаагүй. Гэтэл бүгдээрээ л бүтэн цалингаа авч байна. Шаардлага тавих зориг зүрхтэй хүн ч байдаггүй” гэж ирээд ундууцлаа. Сонсоод байхад төрөл садангуудаа ч өндөр цалинтай ажилд “шахаж”, ивээлдээ авсан гэх. Ядаж төрийн компанийн дарга нар ялсан нам, бүлэг, фракцийн нөлөөгөөр солигдоод байдгийг хэлэх үү. Ирээд хэл амгүй байхын тулд С.Эрдэнийг эрхлүүлээд байдаг бололтой. Одоо тэр “Эрдэнэс таван толгой майнинг” компанийг татан буулгахыг шаардаад яваад байгаа. Ажлын нөхцөл сайжруулахыг шаардах үүрэгтэй атлаа бүр ажил явуулахгүй гэж хэлэх нь “шантааж” л гэж ойлгогдоод байгаа юм. Аль л мөнгөтэй төгрөгтэй газруудыг шантаажчид ээрч байдаг хойно. Миний санахын С.Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг бужигнуулаад амжсан. “Саалийн үнээ” Эрдэнэт үйлдвэрийг саах гэж бодсон ч байх. Одоо хүртэл зууралдсаар байдаг гэх. Харин ажилладаг байгууллагаа “шантааж”-лаж байгаа бол бүр улайрсны тэмдэг юм даа.
Тэгэхээр түүний байгуулсан “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн тав арван хүний тухайд дүүрч. Харин Тавантолгойгоос хоолоо олдог олон жолооч нарт хэлэх үг байна. Мууг дагавал могойн хорлол гэдгийн үлгэрээр шуналтай муухай улсууд жирийн олны тархи толгойг эргүүлээд өөрсдөө зорилгодоо хүрч дагасан хэдээ хоолноос салгадаг жишээ их байдаг юм аа. Наанаа сайхан үг хэлээд цаад талдаа улам алдаршиж амьтан хүнээс мөнгө салгадаг хүмүүсийн нийтлэг дүрийг бага ч гэсэн таниад авах хэрэгтэй.
Таван жилийн өмнө “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн үйлдвэрчний эвлэл байгууллагынхаа даргыг огцруулах гэж баахан бужигнасан. Нийслэлийн нийтийн тээврийн ачааны багагүйг үүрдэг энэ байгууллагын ажилтнууд ажил хаялт зарлаж, сүйд болсон шалтгаан нь “Цалинг цагийн тарифаар тооцуулах” байсан. Гэхдээ бүх ажилтан нь биш. “Үйлдвэрчний эвлэл” нэртэй хэсэг хүн зохион байгуулсан байдаг нь хэвлэлийн хуудаснаа үлджээ. Тэднийг дагаж байнга алдагдалтай ажилладаг автобус компанийн жолооч, кондукторууд цагийн хөлсөө 5000 төгрөгөөр үнэлүүлж, дээрээс нь нэмэлт урамшууллуудаа авна гэж хэдэн өдөр жагссан. Товчхондоо, “Авдаг цалинг нь хоёр дахин нэмнэ” гээд уриалаад байхаар мэдээлэл багатай хүн бол дуртай байна биз дээ. Харин зохион байгуулсан үйлдвэрчний хороо нь баазын захирал цалин нэмэх шийдвэр бие дааж гаргахгүйг сайн мэдэж байгаа. Ерөөсөө л даргыгаа зайлуулах гэсэн дүйвээндээ жирийн ажилчдыг ашиглаад тэр нь баригдаад намжсан. Гэтэл яасан гээч… Үйлдвэрчний эвлэлийнхээ “Ажил хаялтад оролцвол цалинг чинь нэмүүлнэ” гэсэн үгэнд итгэсэн нэлээд хүн ажилгүй болсон юм. Харин “Үйлдвэрчний эвлэлийнх” гэгдсэн хүмүүсээс нэг нь ч ажлаасаа салаагүй. Ингэж дуусдаг.
2018 оны намар багш нар ажил хаялт зарлаад баахан бужигнаж байлаа. Өнгөрсөн дөрвөн жилд БСШУС-ын сайд дөрөв солигдлоо. Салбарын сайдын суудлыг өөрсдөдөө авах гэсэн улс төрийн бүлэг, фракцуудын зөрчил “хөлөндөө” босгосон шороо гэх юм уу даа. Үйлдвэрчний эвлэлийн дарга гэх арваад хүн өдөр шөнөгүй гудманд хашгирч, багш нарыг ажил хаялтдаа нэгдүүлсэн. Мөн л “Цалинг чинь нэмэгдүүлнэ” гээд л уриалаад байлаа. Багш нарын цалин хөөрхий бага болохоор бүтэн сарын турш ажлаа хаяж тэмцэлд нь давалгааллаа. Үр дүнд нь гавьтай ч нэмэгдсэн юмгүйгээр л төгссөн. Харин ч багш нар алдсан хоногийн мөнгөөрөө, хүүхдүүд боловсрол олж авах эрхээрээ хохирсон. Дараа нь бас оролцсон хүмүүсийг хамарсан зуулт, ажлаас халалт мэр сэр явсан л гэдэг. Гэтэл өнөөх олон үйлдвэрчний эвлэлийн удирдлага нь нэгдчихсэн нийслэлийн Засаг даргад “Бидэнд байр өг” гэж шаардаад явж байсан юм даа. Зарим нь авсан ч гэдэг юм билээ. Одоо өнөө толгойлогчид нь яадаг гэж бодож байна. Бидэнд ийм туршлага бий шүү гээд улстөрчдийг айлгаад гүйгээд байдаг.
Тийм болохоор Тавантолгойн ажилчдыг “нохойд барьдаг мод” болчих вий гээд байгаа хэрэг. Ер нь тэгээд үйлдвэрчний хороодынхоо ус тосыг ялгаж авахгүй бол өөрсдийнх нь нэр төрд ч муу шүү гэдгийг МҮЭ-д сануулах болсон бололтой. Үйлдвэрчний эвлэлдээ татвараа төлдөггүй, татвар хэлбэрээр хуримтуулсан хөрөнгийнхөө хэрхэн, юунд зарцуулдаг нь тодорхойгүй гээд С.Эрдэнэд зөрчил олон байна. Энэ нь МҮЭ-ийг муухай харагдуулаад байгаа юм шүү дээ.
Эх сурвалж: Moogle.mn