Нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөх журам хэрхэн хэрэгжих талаар бид өчигдөр мэдээлэл өгсөн билээ.
Тэгвэл өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газраас дахин мэдэгдэл гаргасан байна.
Уг мэдэгдэлд:
Дараах аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч Монгол Улсын иргэн 2020 оны 4-9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө:
- Хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
- Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
- Төрийн болон хувийн хэвшлийн бүх их, дээд сургууль, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
- Төрийн бус байгууллага, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч.
– Коронавируст халдвар /СОVID-19/-ын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан бүх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг доголдож, орлого нь буурсанд тооцно.
– Аж ахуйн нэгж, байгууллага нь хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажилтныг ажиллуулж байгаа бол ажлын байрыг хадгалж байгаа гэж тус тус үзнэ.
– Сайн дураар даатгуулагчийн чөлөөлөгдөх нийгмийн даатгалын шимтгэлийн нэг сарын хэмжээ нь 56,700 төгрөг байна.
-Аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн 2020 оны 4-9 дүгээр сарын урьдчилан төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгоно.
– Аж ахуйн нэгж, байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн cap бүрийн тайланг дараа сарын 5-ны өдрийн дотор цахимаар харьяа нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.
– Холбогдох мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлах утас 77771289 болон “Нийгмийн даатгалын мэдээлэл зөвлөгөө” Facebook хаягаар хандаж авна уу.
Өөрөөр хэлбэл, дээр дурдсан бүх ААН, байгууллага болон түүнд ажиллаж байгаа ажиллагчид хамрагдах бөгөөд цар тахлын онцгой нөхцөлд бүх ААН, байгууллагын үйл ажиллагааг доголдож, орлого буурсанд тооцно хэмээн тодотгожээ.
НДЕГ-ын мэдэгдэл