Авлигатай тэмцэх газраас үйл ажиллагааны тайланг хэвлэлийн хурлаар дамжуулан олон нийтэд мэдээлж хүргэдэг билээ. Энэ удаагийн хэвлэлийн хурлыг цар тахлын онцгой дэглэмийн үед зохион байгуулж байгаа учраас цахим технологи ашиглан явууллаа.
2020 оны 1 дүгээр улиралд хийсэн ажлын талаарх мэдээллийг АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү хүргэлээ.
Энэ оны эхний улиралд авлигын гэмт хэргийн улмаас 100.3 тэрбум төгрөг учирчээ
Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй өмнөх онуудад үйлдэгдсэн болон тайлант хугацаанд гарсан нийт хэргийн улмаас урьдчилсан байдлаар 11.9 их наяд төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд 9.7 их наяд төгрөг нөхөн төлүүлж, 129.2 тэрбум төгрөгийн хөрөнгө битүүмжлэн хамгаалсан байна.
Харин зөвхөн 2020 оны 1 дүгээр улиралд бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол 100.3 тэрбум төгрөг, үүнээс мөрдөн байцаалтын шатанд 5.2 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 523.4 сая төгрөгийн хөрөнгө битүүмжлэн хамгаалсан байна.
АТГ энэ онд гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэх ажиллагаанд анхаарч ажиллаж байна. Тухайлбал, “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэргийн хүрээнд учирсан хохирлыг төлүүлэх зорилгоор 97.6 тэрбум төгрөгийн хөрөнгө, Агаарын бохирдлыг бууруулах төслийн хүрээнд шалгагдаж байгаа Бэрэн ХХК, “Цагаанхуаран” ХХК-ийн 116 орон сууц үл хөдлөх хөрөнгө, 13 тээврийн хэрэгсэл, 97.5 сая төгрөгийн захиран зарцуулах эрхийг хязгаарлан хамгаалсан, мөн Капитал банкны хэрэгт Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын чөлөөт үлдэгдэл болох 244.0 тэрбум төгрөгийг эхний ээлжинд нөхөн төлүүлэх чиглэлээр банкны эрх баригч болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Уг банкны болон эзэмшигч нарын нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө хувьцаануудыг битүүмжилж мэргэжлийн байгууллагаар хөрөнгийн үнэлгээ хийлгүүлээд байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас хөрөнгө завшсан мөнгө угаасан байж болзошгүй Д, Г нарт холбогдох хэрэгт 3.5 тэрбум орчим төгрөгийн мөнгө, хөрөнгө битүүмжлэн хамгаалсан байна.
АТГ-аас 73 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв
2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 73 хэргийг шүүхэд шилжүүлсэн саналтай прокурорт шилжүүлсэн байна. Эдгээр хэргийн дийлэнх нь олны анхаарал татсан, төрийн өндөр, хариуцлагатай албан тушаал хашиж байсан этгээдүүдэд холбогдох хэргүүд байна. Тухайлбал,
- Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад холбогдох хэрэг;
- Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарт холбогдох хэрэг;
- Монгол Улсын Их Хурлын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох хэрэг;
- Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох хэрэг;
- Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан нарт холбогдох хэрэг;
- Монгол Улсын Засгийн газар, “Айванхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айванхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үйл явцад холбогдох хэрэг;
- Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Ариунбаатарт холбогдох хэрэг;
- Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн мэргэжилтнүүдэд холбогдох хэрэг;
- Нэр бүхий шүүгч нарт холбогдох хэрэг;
- Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын улсын ахлах байцаагч Я.Очирбатад холбогдох хэрэг;
- “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувь, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авсантай холбогдох хэрэг;
- “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэрэг;
- “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн нарт холбогдох хэрэг;
- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ч.Алтанхуягт холбогдох хэрэг;
- Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат, Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Д.Доржханд нарт холбогдох хэрэг.
Эх сурвалж: АТГ