Нийслэлийн хэмжээнд орон гэргүй, тэнэмэл 850 иргэн байдгаас 84.6 хувийг эрчүүд, 15.4 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна. Харин 46 хувь нь 18-45 насныхан, 43 хувь нь 45-59 насныхан, 9 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхлэх насныхан орон гэргүй, тэнэмэл иргэдийн тоонд орчихоод байна. Нийслэлийн зүгээс эдгээр иргэдийг тусгаарлах байранд хамруулж, хоол хүнс болон хувцасаар хангах гэх мэт ажлыг зохион байгуулж ирсэн.
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх орон гэргүй иргэдийг байршуулдаг тусгай төвд одоогийн байдлаар 150 иргэн хамрагдаж байгаа нь хангалтгүй байгаа тул цаашид эдгээр иргэдэд анхаарч, тэдэнд зориулсан халамжийн шинэ төвийг барьж байгуулах ажлыг энэ долоо хоногоос эхлүүлэхээр болсныг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өчигдөр мэдэгдлээ. Мөн тэрбээр “Дээрх иргэдийг тусгаарлалтад хэд хонуулаад гаргах бус тэднийг сургаж, дадлагажуулан нийслэлийн ногоон байгууламж, хот тохижилт зэрэг бүтээлч ажилд татан оролцуулж цалин хөлс олгох байдлаар аж ахуйн ажилд хамруулж, нийгэмшүүлэх шаардлагатай байгаа учир ийнхүү орон сууц барих ажлыг эхлүүлж байгаа” гэлээ.
Энэхүү орон сууц нь нийт 1905 метр квадрат, 250 хүнийг байршуулах боломжтой юм.