Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа болон бусад төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон.
Улсын Онцгой комиссоос улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цагаас эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалах, тэдний хоол тэжээлийн асуудалд онцгой анхаарал хандуулан, орхигдуулахгүй байх тал дээр ач холбогдол өгч ажилласан.
Тухайлбал 2020 оны хоёрдугаар сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, эрүүл мэндийн сайд Д.Сарангэл нарт дээрх зорилтот бүлэгт онцгой анхааран, тусгайлсан арга хэмжээ авч ажиллахыг хүсэн албан бичиг явуулсан.
Энэ хүрээнд гурван сайдын хамтарсан “Гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний удирдамж” батлагдан гарсан юм.
Энэхүү удирдамжид 14 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Тухайлбал түр хамгаалах байрнаас гэр бүлд эргэн нэгдсэн хүүхдийн нөхцөл байдалд хяналт тавих, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой гэр бүлийн хүүхдийн судалгаанд үндэслэн нэмэлт хоол хүнс, тэжээлийн тусламж үзүүлэх, хяналт тавих зэрэг 14 арга хэмжээ багтжээ. Гагцхүү дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх, тусламж дэмжлэг эзэндээ очих ёстойг уулзалтын үеэрМонгол Улсын Шадар сайд онцлон тэмдэглэлээ.
Тэрээр “Улсын онцгой комиссоос бүх шатны боловсролын байгууллага болон зарим аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан хүүхдийн хараа хяналтын болон ажлын байр, орлогын асуудал хөндөгдсөн. Засгийн газраас энэ асуудалд шат дараатай арга хэмжээг авч байна. Хэдий тийм ч цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр энэ оны 02-04 дүгээр сард гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 7468 гомдол мэдээллийг хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үеийнхээс 57.2 хувиар өссөн байна. Тиймээс хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх төрийн хүнд ачаанаас өнөөдрийг хүртэл хуваалцан нуруундаа үүрч ирсэн төрийн бус байгууллага та бүхэнтэй уулзаж санал солилцохоор Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын хувиар зориуд цаг гаргаж байна” гэлээ.
Эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл Шадар сайдад өөрсдийн санал хүсэлтээ уламжилсан. Шадар сайд Ө.Энхтүвшин тавьсан санал хүсэлтийг Засгийн газрын хуралдаанд оруулж холбогдох сайд нарт шийдвэр гаргуулах, хүүхэд эмэгтэйчүүд, эмзэг бүлэгт онцгойлон анхаарал хандуулахаа илэрхийллээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.