Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Ковид-19” халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаа болж буй Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт ажиллалаа.
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 10 цагийн турш хөл хорио тогтоож, халдварт цар тахлын үеийн нөхцөл байдалд хэрхэн ажиллах, хөл хорионы дэглэмийг иргэд, олон нийт сахин ажиллах, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагаа, уялдаа холбоог зохион байгуулж ажилласан юм. Чингэлтэй дүүргийн 19 хорооны 191 хэсгийн ахлагч буюу олон нийтийн цагдаа, 724 нийтийн эргүүл дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорионы дэглэмийг сахин ажиллажээ. Мөн тус дүүргийн Цагдаагийн хоёр хэлтэс, Зэвсэгт хүчний анги байгууллагын 400 албан хаагчидтай хамтран 656 цэгт хөл хорионы үеийн дэглэмийг мөрдүүллээ.
“Өнөөдрийг хүртэл авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээний үр дүнг хадгалаж авч үлдэхэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, нийслэлийн хэмжээнд анхаарч ажиллах ёстой гэдгийг мэдрүүлж өгсөн өндөр ач холбогдолтой дадлага сургуулилалт боллоо. Халдварт цар тахлын энэ амаргүй хүнд цаг үед хөл хориог амжилттай зохион байгуулсан чингэлтэйчүүддээ талархаж байна. Цаашид та бид хамтын ажиллагаагаа сайжруулж, уялдаа холбоотой ажиллаж, зохион байгуулалтын болон бэлэн байдлыг сайн хангаж ажилласнаар дэлхий нийтийг цочроогоод байгаа цар тахлыг цаашид тархаахгүйгээр даван туулж чадна” хэмээн нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт ажиллаж буй алба хаагчдад хэллээ.
Чингэлтэй дүүргийн 150 мянган иргэнийг бэлэн байдалд шилжүүлснээр Улаанбаатар хотын 1.5 сая иргэн, цаашлаад Монгол Улсын 3 сая гаруй иргэний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах, халдварт цар тахлын үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажилд Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын тушаал, нийслэлийн Онцгой комиссын чиглэлийн хүрээнд дүүргийн Онцгой комисс хариуцаж урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны дадлага сургуулилалтыг зохион байгуулж, иргэдэд эрсдэл учрахаас болгоомжлуулсан энэ үйл хэргийг амжилттай хэрэгжүүлснийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл онцоллоо.