Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамт олон 2019 онд хийсэн ажлынхаа үзүүлэлтээр бусад яамыг тэргүүлсэн тул Засгийн газраас шилдэг 3 яамны нэгээр шалгарууж, цом, батламж олгосныг Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад гардууллаа. Батламжид “Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн 2019 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлсэн тул батламж олгов” Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь 2019 онд Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 17 хувь байсныг 20.1 хувьд хүргэж, шинээр 31 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан юм. Тухайлбал, Ноён уул орчмыг дархан цаазат ангиллаар, Гутайн даваа, Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авсан юм.
Мөн хариуцлагатай уул уурхай хөгжих эхлэлийг тавьж, Ашигт малтмалын тухай хуульд “Ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал авна” гэсэн заалтыг оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн бариад байна.
Мөн БОАЖЯ-аар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймгийн Цэнхэр суманд хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан 11 ААН, Өмнөговь аймагт 9, Баянхонгор аймагт 5, Завхан, Увс аймагт тус бүр 1 ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гарган, УУХҮЯ, АМГТГ-т хүргүүлж, цуцлуулсан байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 2 удаа хяналт шалгалт хийж, хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан 48 ААН-ийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Олон жил ярьсан Усны агентлаг байгуулах шийдвэрийг Засгийн газраар батлуулж, 12 жилийн дараа усны асуудал эрхэлсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулах ажлыг эхлүүлж, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан бохирдуулагчийн төлөх төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэв.
Үүнээс гадна хөв цөөрөм байгуулах замаар гадаргын усыг ашиглах “Хөх морь” төслийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар эхлүүлээд байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог тэргүүлж буй Н.Цэрэнбатын хийсэн томоохон ажлын нэг нь яах аргагүй Улаанбаатарын утааг 50 хувиар бууруулсан явдал. Сайжруулсан шахмал түлшний улсын үйлдвэр байгуулж, нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглосон шийдвэрийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг танилцуулж байх үед олон эсэргүүцэл гарч байсан ч 2019 оны өвөл нийслэлчүүд дээрх шийдвэрийн үр дүнг харж, утаагүй өвөлжсөн билээ.
Монгол Улсад нэг удаагийн, нимгэн нийлэг уутыг импортлох, үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхийг хориглох шийдвэр гаргаснаар хөрсөнд шингэдэггүй нимгэн уут хэрэглээнээс халагдаж, олон дахин хэрэглэх боломжтой зузаан уут хэрэглээнд нэвтэрсэн. Эдгээр нийлэг уутыг бүрмөсөн хэрэглээнээс халах ажлыг БОАЖЯ-наас үе шаттайгаар нэвтрүүлж байгаа нь олны талархлыг хүлээгээд байна. Мөн хог үйлдэрлэдэг ААН-үүдээс татвар авч, хог дахин боловсруулж буй ААН-үүдийг дэмжих Эко төлбөрийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болгов.
Монгол Улс аялал жуучлалын салбарт түүхэндээ байгаагүй өндөр төсвийг Н.Цэрэнбат сайдын үед батлуулж, тус салбарыг улсын гурван тулгуурт бодлогын нэгээр нэрлэв. Агаарын тээврийг либеральчлах бодлого баримталснаар гуравдагч авиа компаниуд Монгол Улсын агаарын тээврийн зах зээлд нэвтэрч, тийзний үнэ буурав. “Туркиш эйрлайнс” компани европоос Монгол Улс руу шууд нислэг үйлдэж эхэллээ. “Асиана эйрлайнс” компани Солонгосоос Монгол руу нислэг үйлдэж эхлэв. Увс, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь аймгийн нисэх онгоцны буудлыг олон улсын статустай болгох ажлыг санаачилснаар Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх онгоцны буудал олон улсын нислэг хүлээн авах эрхээ аваад байна. Мөн Монгол Улсыг дэлхийд сурталчлах хиймэл оюун ухаан бүхий Mongolia.travel цахим флатформыг үүсгэн, жуулчдад зориулсан хайлтын системийг бий болгожээ. Монголд анх удаа “Naadam night” үйл ажиллагааг зохион байгуулж, наадмын нээлтийг англи хэл дээр жуулчдад толилуулав. Мөн л анх удаа 15 мянган иргэнийг зочлох үйлчилгээний сургалтад үнэ төлбөргүй хамруулжээ.
Н.Цэрэнбат сайдын санаачилсан “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд ЕБС-ын ахлах ангийн 160 мянган сурагч байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аянд хамрагдаж, экологид ээлтэй ирээдүй хойч үе бэлтгэгдэж байна. “Ногоон паспорт” эзэмшигч сурагчид “Ногоон паспорт-Ногоон төгөл” аянд нэгдэж, 21 аймаг, 9 дүүрэгт тус бүр 3.5 га газарт усалгаа, хамгаалалт бүхий бичил цэцэрлэгт хүрээлэнг байгуулав. НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуучуудын чуулга уулзалтад анх удаа Монгол сурагчийг урьж, оролцуулсан нь “Ногоон паспорт” аяны шилдэг сурагч байсан юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүний урилгаар “Ногоон паспорт” эзэмшигч шилдэг 10 сурагч БНСУ-д болсон олон улсын “Ногоон хөгжлийн долоо хоног” чуулга уулзалтад оролцож, Н.Цэрэнбат сайдын санаачилсан “Ногоон паспорт” аяны талаар илтгэл тавьсан.
21 аймгийн шилдэг сурагч БНХАУ-ын Байгаль орчны яамны урилгаар Бээжин хотыг ногооруулсан туршлагатай танилцсан. Шилдэг багш, сурагчид БНСУ-ын байгаль орчны төрийн бус байгууллагуудын урилгаар туршлага судалсан нь энэхүү аяны үр дүн юм. Тус аяныг олон улсын Ногоон байгууллагаас хамгийн богино хугацаанд хамгийн олон хүнд хүртээмжтэй хүрсэн учир БОАЖЯ-ыг дэлхийн байгаль орчны хамгийн нэр хүнд бүхий “Ногоон алим” шагналаар шагнаж, тус аяныг санаачлагч Н.Цэрэнбатыг 2018 оны дэлхийн “Ногоон элч”-ээр шалгаруулж байв.
“Хандлагаа өөрчилье” багц ажлын нэг хэсэг болох “Цэвэрхэн наадацгаая”, “Цэвэрхэн шинэлцгээе” аянууд үр дүнгээ өгч, иргэд үндэсний баяруудаараа хоггүй баярлаж хэвшээд байна. Энэхүү аянуудыг Засгийн газраас сайшааж “Хоггүй цэвэрхэн Монгол” аяныг БОАЖЯ-аар дамжуулан 1 жилийн хугацаатай зарлаж, хог хаягдлаас салах кампанит ажлыг орон даяар эхлүүлсэн юм.
Энэхүү ажлуудыг хөрсөн дээр буулгаж, үр дүнг нь үзэхэд БОАЖЯ-ны хамт олон, харьяа газрууд, хамтран ажиллагч байгууллагуудаас эхлээд иргэн таны оролцоо хамгийн чухал байсныг онцлох нь зүйтэй. Хандлагаа өөрчилж, хамтдаа хичээсэн та бүхэндээ баярлалаа.
.