“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Ангилалын сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Тунгалагтуулыг урилаа. ТэрбээрОнцгой байдлын байгууллагад 28дахь жилдээ ажиллаж байна. Онцгой бүсгүйчүүдийн төлөөлөл болсон түүний хувьд холбоочноор ажлын гараагаа эхэлж, бичиг хэргийн эрхлэгч, нярав, боловсон хүчин зэрэг албан тушаалд үүрэг гүйцэтгэж байгаад 2014 оноос хойш ангилалын сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Ингээд түүний хариултыг хамтдаа сонирхоцгооё.
–Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?
Миний өглөө 05:30 цаг эхэлдэг. Дасгал хийснийхээ дараа өдрийн ажлын төлөвлөгөөгөө гаргаад, ажилдаа явах бэлтгэлээ хангадаг даа.
-Хүний сонирхол хязгааргүй.Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу. Яагаад?
Үнэхээр хүсэл, мөрөөдөл гэдэг хязгааргүй мөртлөө биелүүлэх гэж хичээх нь ховор юм шиг санагддаг. Шүхрээр буух хүслээ биелүүлэх гээд /хуучнаар Байгалийн гамшигтай тэмцэх салбар гэж байхад/ даргаасаа зөвшөөрөл авсан ч нөхөр маань дургүйцээд больчихож байсан. Гэхдээ одоо ч энэ мөрөөдлөө биелүүлэхийг хүсдэг.
-Та өөрийнхөө бодсоноор амьдарч чадаж байна уу, эсвэл?
Энэ амьдралынхаа бүхий л сонголтыг би өөрөө хийсэн шүү дээ. Буруу бол алдаанаасаа суралцаад, ахин давтахгүйн төлөө л хичээж байгаа. Хүн амьдралдаа маш олон сонголттой тулгардаг юм байна. Тэр сонголтуудаас өөрийнхөө зүрх сэтгэлийг дагаж хийсэн сонголт бүхэн зөв байдаг юм шиг санагддаг. Мөрдөс зүүсэн эмэгтэй болох мөрөөдлөө биелүүлээд 28 жил болж байна. Амьдралд минь тохиолдсон аз жаргалтай бас зовлонтой үед аав, ээжийн хайраар дэм үзүүлж, урам хайрлаж байсан хамт олондоо маш их баярладаг. Та нартаа дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна. 2015 онд ханиа алдаад 3 охинтойгоо үлдэх үе хамгийн хэцүү үеүдийн маань нэг байлаа. Одоо хоёр сайхан хүргэнтэй, 3 зээтэй болсон. Удахгүй төрөх 5 дахь ач, зээгээ хүлээгээд л сууж байна даа.
-Нас, насны мөрөөдөл өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэр өөрчлөгдсөн бэ?
Аз жаргалынхаа төлөө маш ихээр тэмүүлэн амьдардаг их шуналтай хүн. Охидынхоо ирээдүйг сайхнаар зураглан, түүнийгээ бодит болгох нь миний мөрөөдөл байлаа. Том охин МУИС-г эрх зүйч мэргэжлээр, дунд охин ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр энэ жил төгссөн. Бага охин маань 10 дугаар ангид суралцдаг. Харин одоо бол дэлхийгээр тойрон аялна гэсэн багийн мөрөөдлөө биелүүлэхийг л хүсч байна даа.
-Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтанд хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол?
Би эсрэг бодолтой байдаг хүн. Ажлын талбар дээр бол хүн хийх ёстой зүйлээ хамгийн сайнаараа л хийх ёстой. Хэн нэгэнд үнэлэгдэхийн төлөө хичээх чинь утгагүй шүү дээ. Зүгээр л өөртөө таалагдаж амьдарч, оноогдсон ажлаа сэтгэл зүрхнээсээ хийх хэрэгтэй гэж боддог.
-Магтаал, шүүмжлэл хоёрын аль нь таныг “хурцалдаг” вэ?
Магтаал юм байна. Хүн надад итгээд, урам хайрлаад байхад улам л хичээж хүний итгэлийг алдахгүйн төлөө зүтгэдэг. Мэдээж шүүмжлэлийг сонсож өөрийн алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, дүгнэлт хийдэг.
-Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?
Хүн болж төрсөн минь л өөрөө аз жаргал. Өөрөөр хэлбэл бидний хажууд үргэлж цугтаа амьдарч, амьсгалж байдаг зүйл шүү дээ. Миний амьдралын сайн, мууг туулахад үргэлж л сэтгэлийн хат өгч байдаг сайхан хүүхдүүд минь хамгийн том аз жаргал, хайр юм даа.
-Таны бахархал?
Аав, ээж, гурван сайхан охин болоод Онцгой алба минь. Хүүхдүүд маань ухамсартай, хариуцлагатай, өөрийн гэсэн үзэл бодолтой зөв хүн болж төлөвшиж байгааг харах сайхан. Ажлын гараагаа Өндөрхаан хотынхоо захиргаанаас эхлүүлж байлаа. Хамт ажилладаг н.Базарваань гээд эгч маань байнга урам хайрлана, шаргуу дайчин эмэгтэй байсан. Тэр эмэгтэй намайг Онцгой байдлын албанд орох хүслийг минь дэврээж өгсөнд өө. Тэр эмэгтэйгээр бас маш их бахархдаг. Мөн энэ албанд ажиллах хугацаанд түшиг тулгуур болж, амьдралын мөн чанарыг ойлгуулж өгсөн хурандаа Ц.Баасан, хурандаа Д.Батжаргал гээд мундаг удирдагчдаараа бахархдаг. Итгэлийг нь алдахгүй аливааг чин сэтгэлээсээ хийх хүслийг минь үргэлж дэмждэг байсан. Энэ дашрамд миний амьдралын түүхийг бичилцэж өгсөн үе ,үеийн алба хаагчдадаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин