Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын Ажлын албаны даргын хамтарсан тушаалаар “Цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход санал авах, санал өгөх журам”-ыг 2020 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр шинэчлэн баталжээ.
Үүнтэй холбоотойгоор тусгай зөвшөөрлийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ дунджаар хоёр дахин буурсан байна.
Тухайлбал, компьютерт томограф, ангиографи, шүдний дэлгэмэл зургийн рентген аппаратын улсын тэмдэгтийн хураамж 300,000 төгрөг байсан бол дээрх журмын зохицуулалтаар 100,000 төгрөг болжээ.
Учир нь журмын 4.4-т рентген аппарат, тоног төхөөрөмжийн ангиллыг шинэчлэн баталж, 200кВ ба түүнээс бага хүчдэл үүсгэх рентген аппарат тоног төхөөрөмжүүдийг нэгдүгээр ангилалд, түүнээс их хүчдэл үүсгэх рентген аппарат төхөөрөмжүүдийг хоёрдугаар ангилалд хамруулахаар зохицуулсан.
Энэхүү рентген аппарат, тоног төхөөрөмжийн ангиллыг шинэчлэн баталснаар Монгол улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нэгдүгээр зүйлийн 1.18-д Төрийн үйлчилгээний шимтгэл, төлбөрийн хэмжээг бууруулна гэсэн заалтын хэрэгжилтийг хангаж, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаагаараа онцлогтой.
Эх сурвалж: МХЕГ