Энтрпренерүүдэд зориулсан 10 ном

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан жагсаалт

Бизнесүүд өсөж дэвждэг мөн унаж дампуурах нь ч бий. Санамсаргүй нээлт бүхэл бүтэн салбарыг, заримдаа дэлхийг өөрчилсөн тохиолдол ч бий. Анхдагчид, мөн энтрепренерүүдийн тоймгүй олон туршилт, зовлон шаналлын эцэст маш олон зүйлийг хүн төрөлхтөн мэдэж авчээ. Бизнес, старт-ап, технологийн адармаатай ертөнцөд зүг чигээ олох нь хожмын бүтээгч, санаачлагчдад сүрдмээр санагдаж магадгүй. Тэдний аз болоход анхдагчдын үлдээсэн мэргэн ухааны хуучиршгүй зөвлөгөө нь эдүгээ бидний үед бизнесийн судар болон үлджээ.
Ингээд энтрепренер, шинийг санаачлагчдад зориулсан 10 шилдэг номыг танилцуулъя.

The one device: The secret history of iPhone
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд iPhone шиг сайшаагдаж, олонд түгсэн бүтээгдэхүүн бараг үгүй. Бизнесийн хурц ухаан, шилдэг маркетинг, сод инженерүүдийн хольц болсон эл бүтээгдэхүүн Стив Жобсын гаргуун удирдлага дор хүмүүсийн гарт хүрсэн юм. Тэгвэл Б.Мерчантын эл ном iPhone хэрхэн бүтсэн дэлгэрэнгүй түүхийг өгүүлдэг.
Ашигт малтмал олборлохоос өгсүүлээд Хятадын үйлдвэрүүдийн ажиллах нөхцөл гээд iPhone-ийг бүтээх бүхий л үйл явцаас өчүүхэн төдийг ч үлдээхгүйгээр Б.Мерчант ухаж төнхөн бичсэн байна. Зохиолч эл гар утасны хөгжүүлэлтэд ажилласан зуу гаруй хүнтэй биечлэн ярилцжээ. Мөн С.Жобсын талаарх домог мэт яриануудыг энэ ном үгүйсгэх болно. Орчин цагийн технологийн ертөнцийн талаар ихийг мэдэхэд Б.Мерчантын ном туслана.

Innovator`s dilemma: When new technologies cause great firms to fail
Эдүгээ бараг хүн бүр тэсрэлт хийх технологийн (disruptive technology) тухай ойлголттой болжээ. Эл ойлголтын тухай Клэйтон Кристенсэн “Harvard business review” сэтгүүлд анхлан дурдсан юм. Улмаар эл түүхэн нийтлэлээ дэлгэрүүлж, өнөө бидний сайн мэдэх “The Innovator`s dilemma” хэмээх бестселлер бүтээлээ туурвижээ.
“Xerox”, “General electric” зэрэг хүчирхэг, алдартай компаниуд эцэстээ яагаад салбарын тэргүүлэгч байр сууриа алддаг эсвэл сүйрдэг шалтгааныг олж мэдэхийг К.Кристенсэн хичээсэн юм. Түүний дүгнэснээр үүнд хоёр хариулт бий. Тэдгээр нь шинэ нээлт бүрээс бидний олж хардаггүй зүйл болох тэсрэлт хийх технологи болон тэдгээрийн хүчирхэг бизнес, компанид үзүүлдэг санаандгүй нөлөө аж.

Fifty inventions that shaped the modern economy
Дэлхийг өөрчилсөн нээлт, сод бүтээлүүдийн тухай ер бусын баримтаар дүүрэн бүтээл. Зохиолч Т.Харфорд нээлт тус бүрийг эдийн засаг, улс төр, соёл, түүх зэрэг маш олон ялгаатай өнцгөөс тодорхойлон бичсэн юм. Мөн нээлт тус бүрийн ард хэн байв, хэн ашиг олов, мөн хэн хохиров гэдгийг тэрбээр нягт нямбай судалсан нь харагдана. Түүний уйгагүй эрэл, хайгуул, хөдөлмөрийн үр дүнд түүх, эдийн засаг, алдартнуудын тухай эл ухаалаг, содон ном бүтжээ.

Idea factory: Bell labs and the great age of American Innovation
1940-1970-аад оны хооронд буюу Белл лабораторийн оргил үед мянга гаруй доктор, судлаачид харилцаа холбоо, аж үйлдвэрлэлийн салбарын судалгаанд хязгааргүй их цаг, хүч хөдөлмөр зарцуулж байв. Хүчирхэг AT&T компанийн дэмжлэгтэйгээр Белл лаборатори нь маш олон салбарт технологийн нээлт, шинэ бүтээлийг бий болгосон юм. Тэдгээр гайхалтай технологийн тоонд транзистор, шилэн кабель, UNIX, С, мэдээллийн онол зэрэг багтдаг. Белл лабораторийн гол зорилго нь тэр бүх судлаачийг нэг газарт цуглуулж, нээлт, шинэ санааны асар том цугларал бий болгоход оршиж байлаа. Эл ном нь тэрхүү гайхалтай цаг үеийн талаар дэлгэрэнгүй хүүрнэх болно.

Built to last: Successful habits of visionary companies
Алсын хараатай компанийг чухам юу тодорхойлдогийг олж мэдэхээр Ж.Коллинс, Ж.Поррас эрэлд гарчээ. Тэдгээр нь салбарынхаа болоод үйл ажиллагааныхаа толгойд яваа компаниуд юм. Зохиолчдын олж мэдсэн нэг гол зүйл бол алсын хараатай компани нь маш амжилттай компаниас гадна амжилттай байгууллага байдаг аж. Удирдагчид ирдэг, явдаг боловч систем нь заавал үлдэх ёстой.  Тэгвэл ийм байгууллага, компани үүсгэн байгуулж, удирдах нь тун амаргүй үүрэг, хариуцлага болохыг зохиолчид тайлбарласан байна. Энэ бүх сорилт, саадыг даван туулж, улмаар урт удаан процессын эцэст алсын хараатай болж чадсан олон компанийг Ж.Коллинс, Ж.Поррас судлан бичжээ.

Losing my virginity
Р.Брэнсон бол түүхэн дэх хамгийн алдартай энтрепренерүүдийн нэг. Энэ бол өөрийнхөө тухай Ричардын бичсэн тун сонирхолтой намтар ном юм. Их сургуулиа хаяж, шуудхан бизнесийн галзуу ертөнц рүү үсрэн орсон түүний түүх сонирхолтой байх нь ч аргагүй.
Оролдлого, хичээл зүтгэл бүр нь хэрхэн өнөөгийн энтрепренер Брэнсоныг бий болгосон тухай та энэ номноос унших болно. Мөн эл номны сонирхол татам хэсэг бол Виржин брэндийн олон талт үйл ажиллагаа. Нэг брэндийн доор үйл ажиллагаа явуулдаг түүний бизнес бүр бие даасан удирдлага, хяналтад ажилладаг. Эл ном нь гүн гүнзгий мэдээллээс гадна зугаатай бүтээл билээ.

The Founder`s dilemma
Сод ухаан эсвэл бизнес санаа дутагдсанаас бус асар их зүрх зориг шаарддаг учраас бизнес эхлүүлэх анхны алхмыг тавих нь тун хэцүүд тооцогддог. Ихэнх хүмүүс хаанаас эхлэхээ ч мэддэггүй. Тэгвэл Н.Вассерманы эл ном нь старт-ап байгуулахад залуу энтрепренерүүдэд тулгардаг сорилтын талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Тодруулбал, үүсгэн байгуулагчдад тулгардаг гол төөрөгдөл, алдаа болон тэдгээрийг хэрхэн шийвэрлэх арга замын талаар Н.Вассерман зөвлөсөн. Арван жилийн турш хуримтлагдсан тоон шинжилгээнд тулгуурлаж тэрбээр дээд зэргийн анализ болон хөгжилтэй жишээ бүхий үүсгэн байгуулагчдийн тухай амин чухал судрыг бүтээсэн нь энэ юм.

The E-myth revisited: Why most small businesses don`t work and what to do about it
Энэ номд нэг чухал санааг хөндсөн агаад тэр нь таныг байхгүйд ч ажилласаар байх бизнесийг хэрхэн бий болгох тухай юм. Бизнесийн бүрэлдэхүүн хэсгийг огт агуулаагүй, харин ч өөрсдөдөө ажил бий болгосон ажилтнууд бизнес эхлүүлж байгаа учраас шинэ энтрепренерүүдийн үүсгэсэн үйл хэрэг нь үр ашгаа өгөхөөс, бизнесийн жинхэнэ байгууллага болохоос өмнө сүйрдэг гэж уг номдоо дурджээ.  Зохиолч гурван гол сэдвээр буюу Энтрепренер, Менежер, Техникч гэсэн гурван хийсвэр дүрээр номынхоо гол утга санааг тодруулан гаргаж өгсөн юм.
Бизнесээ амжилттай болгохын тулд та ажилтан элсүүлж, үйл ажиллагаагаа өргөтгөхөөс өмнө дээр дурдсан гурван дүрийг бүрмөсөн эзэмшиж, нэгтгэсэн байх ёстой. Эдгээр дүрд хувирснаар та компанийнхаа зорилгод хүрэх алсын хараатан буюу төлөвлөгч, зохион байгуулагч мөн нэгэн зэрэг бизнесийнхээ үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажилтан болох ажээ.

Deep work: Rules for focused success in a distracted world
К.Ньюпорт эл номдоо гүн ажил гэж нэрлэсэн онолоо гаргаж ирсэн юм. Ямарваа сатаарал, саадгүйгээр өмнөх үүрэгт ажилдаа бүх анхаарлаа хандуулах чадварыг тэрбээр ийн тодорхойлжээ. Адармаатай, цогц мэдээллийг боловсруулах, ямар ч ажлыг илүү үр дүнтэй гүйцэтгэхэд энэ чадвар тусална гэдэгт тэрбээр итгэж байна. Нэг талаар соёлын мэтгэлцээн, нөгөө талаар өөртөө туслах зөвлөгөө гэж болох эл номдоо К.Ньюпорт завгүй, бужигнаантай цаг үед мартагдах шахсан эл чадварын нууцыг тайлахыг хичээжээ.

Lean startup: How today`s entrepreneurs use continuous innovation to create radically successful businesses
“Lean startup” бол шинэ байгуулагдсан бизнесүүдэд зориулсан хамгийн олон ишлэлтэй, олны сайшаал хүртсэн бүтээл юм. Сүүлийн арван жилийн хугацаанд стартап бизнесийн ертөнцийг эрс өөрчилсөн бизнесийн ном. Шинэ хэрэглэгч татах, тэднийг үнэнч байлгах шинэ бүтээгдэхүүн амжилттай бүтээж, бий болгоход нэн шаардлагатай үндсэн зарчмуудыг сорчлон гаргаж ирсэн салахын аргагүй номыг Э.Риес туурвижээ. Тэрбээр хэдий программ хангамжийн компаниудын тухай голчлон өгүүлсэн ч түүний тодорхойлсон зарчмуудыг өөр олон салбарт хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм.

Эх сурвалж: business.mn

http://credit-n.ru/debitovaya-karta.html http://credit-n.ru/credit-card-single-tinkoff-platinum.html

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …