Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн ээлжит мэдээллээ өглөө. Covid19-ийн халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Сүүлийн 24 цагийн дотор дэлхий дахинд тус өвчнөөр 83 мянган хүн шинээр өвчилж, 5,000 гаруй хүн нас баржээ. Энэ нь өмнөх өдрийнхөөс өвчлөл 11 мянган хүнээр, нас баралт хоёр мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт юм.
БНХАУ-ын Ухань хотод 45 хоногийн дараа долоон тохиолдол голомтлон бүртгэгдсэн. Тиймээс Ухань хотын захиргаанаас 11 сая хүнээ коронавирусийн шинжилгээнд хамруулахаар болсон байна.
Манай улсын хувьд, гаднаас зөөвөрлөгдсөн 42 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 15 нь эдгэрч эмнэлгээс гараад байгаа. Өчигдөр 35 хүн ажиглалтын байрнаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Өнөөдрийн байдлаар ажиглалтын байранд нийт 945 хүн байна.
Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд Төмөр замын нэгдэн эмнэлгийн 10 эмч ажиллаж, 3,537 зорчигчид коронавирус илрүүлэх тандалт судалгаа хийсэн байна. Одоогоор сэжигтэй тохиолдол илрээгүй.
ЗӨСҮТ-ээс Гуанжоу-Улаанбаатар-Франкфурт чиглэлийн хоёр онгоцны 1,000 гаруй ачаа тээшийг ариутган халдваргүйжүүлсэн байна.
24 цагийн 119 утсанд өчигдөр нийт 224 дуудлага ирсэн. Шуурхай 119 аппликэйшнээр 40 дуудлага ирсэн.
Үүнд, АНУ, Швед, Япон улсаас манай улсын есөн иргэн холбогдож, зөвлөгөө зөвлөмж авсан.
Мөн иргэдээс хүүхдүүд амны хаалгүй гадуур явж, ундаа, зайрмагийг ам дамжуулан хэрэглэж байгаа талаар сэрэмжлүүлэн мэдээлжээ. Тиймээс иргэдэд хандаж хэлэхэд, ямар нэг хүнсний бүтээгдэхүүнийг ам дамжуулан хэрэглэх нь халдвар дамжуулах, тараах эрсдэлтэй учир ам дамжуулан хэрэглэхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна” гэв.