Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ сарын 13-ны өдөр нийслэлийн Багахангай дүүрэгт ажиллалаа. Эхлээд шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх постын үйл ажиллагааг шалгав.
“Өнөөдрийн байдлаар 3400 гаруй зорчигч шалган нэвтрүүлэх товчоогоор зорчлоо. Дулаан орсонтой холбоотойгоор хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. 2020.02.12-ноос эхлээд пост маань ажиллаж эхэлсэн. Нэг удаагийн ээлжинд таван хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Хоёрдугаар сарын 12-ноос эхлээд өнөөдрийг хүртэл 45 мянга гаруй тээврийн хэрэгсэл, 154 мянга гаруй зорчигч нэвтэрч өнгөрсөн байна. Одоогийн байдлаар коронавирусийн ямар нэгэн сэжигтэй тохиолдол илэрсэн зүйлгүй тайван байна” гэж тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн их эмч Г.Дагвадорж мэдээллээ.
Дараа нь Хотын Захирагч тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы санаачилгаар алслагдсан гурван дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвартай сайтай автомашины асуудлыг шийдвэрлэж өгч байгаа юм.
Өмнө нь Налайх, Багануур дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэст шаардлагатай автомашины асуудлыг шийдвэрлэж өгсөн бол энэ удаа Багахангай дүүргийн Онцгой байдлынханд автомашиныг ийнхүү өгч байна. Ингэснээр тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн ажил үүргээ түргэн шуурхай гүйцэтгэх нөхцөл боломжоор хангагдаж байгаа юм.
Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс нь дүүргийнхээ 14000 га нутаг дэвсгэрт болон хөрш зэргэлдээ Төв аймгийн Баян, Баянцагаан, Сэргэлэн сумдын дуудлагад хүрч ажилладаг. Одоогийн байдлаар гал унтраах, аврах ажиллагааны болон ой хээрийн түймэртэй тэмцэх автомашинаар үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Цогбадрах хэлж байв.
Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Багахангай дүүргийн хувьд хүчтэй салхи, малын гоц халдварт өвчин, ой хээрийн болон объектын түймэр, үер усны болон автын осол их гардаг. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст тулгамддаг автомашины асуудалд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан онцгой анхаарч, шийдвэрлэж өгсөнд удирдлагын зүгээс талархалтай байна” хэмээн онцолж хэллээ.
С.Амарсайхан: Алслагдсан дүүргүүд рүү эдийн засгийн хөшүүрэг болох төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлснээр хөгжих боломж бүрдэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Багахангай дүүргийн ажилтан, албан хаагчид болон аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, тулгамдсан асуудлыг тодруулж ярилцав. Энэ үеэр Хотын Захирагчийн зүгээс нийслэлээс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар товч мэдээллийг хүргэлээ.
Тэрбээр “Дүүргийн өмнө тулгамдсан олон асуудал, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийг шийдэх ажил байгаа учраас өнөөдөр Багахангай дүүрэгт ажиллаж байна. 2020 онд нийслэлд олон томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн. Мөн урд онуудад эхэлсэн төсөл хөтөлбөрүүд амжилттай үргэлжилж байна. Гэсэн хэдий ч дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн цар тахалтай холбоотойгоор зарим төсөл хөтөлбөрүүд удааширч байна.
Бид эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Алслагдсан дүүргүүд рүү эдийн засгийн хөшүүрэг болох төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлснээр хөгжих боломж бүрдэнэ гэж харж байна” гээд нийслэлд хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгсөн юм. Дараа нь дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр Багахангай дүүрэгт 2020 онд хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлуудын товч танилцуулгыг хийв. Тус дүүрэгт нийслэлийн хөрөнгө оруулалтаар 11 ажил, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар гурван ажил хийгдэж байгаа аж.
Мөн энэ үеэр “Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын үйл ажиллагааны товч танилцуулгыг захирал н.Жамбалцэрэн хийлээ. Үйлдвэрлэл, технологийн паркийн одоогийн нөхцөл байдал болон цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхэд тулгамдаж буй зарим асуудал байгааг Хотын Захирагчид уламжилж, боломж бололцоогоор шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Мөн сэргээгдэх эрчим хүчний чиглэлд төвлөрч ажиллахаар төлөвлөж байгаа гэдгээ танилцуулав. Хотын Захирагчийн зүгээс гарц гаргалгааг гаргаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтарч ажиллахаа албаны хүмүүст илэрхийлэв.
Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны хэсгийн ахлагч нарын баг тэргүүний багаар шалгарав
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Нэг хот-нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд дүүрэг, хороодын алба хаагч, хэсгийн ахлагч нарын оролцоог нэмэгдүүлэх, хотын стандарт, дүрмийг мөрдүүлэх, идэвхи санаачилгыг өрнүүлэх чиглэлээр болзолт уралдааныг зохион байгуулсан билээ. Харин Багахангай дүүргийн 1 дүгээр хороо стандартын хэрэгжилтийг таниулах, мэдээллэх, сурталчлах, хийж хэрэгжүүлж байгаа ажилд стандартыг мөрдүүлэх, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудад бусдыгаа манлайлж ажилласан учир ийнхүү хэсгийн ахлагч нарын баг тэргүүний багаар шалгарчээ.
Энэ үеэр хотын Захирагч С.Амарсайхан төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, идэвхи санаачилгатай ажилласанд тус хорооны хэсгийн ахлагч нарт баяр хүргэлээ. Цаашид ч хотын стандарт, нормыг мөрдүүлж, үлгэр жишээ ажиллахыг хүссэн юм.