“Фантастик” продакшны дэлгэцийн 14 дэх уран бүтээл болох “Зура” уран сайхны кино өнгөрсөн Бямба гаригт Монголд анх удаа дижитал хэлбэрээр нээлтээ хийлээ. Фантастик продакшн нь киноныхоо дижитал нээлтийг хийхдээ Юнивишн ХХК, Скаймедиа корпорацитай хамтран ажилласан бөгөөд Univision, Skymedia, LookTV, ДДЭШ ТВ, SkyGo платформуудаар киноны нээлт амжилттай болж үзэгчдийн хүртээл болсон юм.
Тэгвэл “ЗУРА” киноны зохиолыг МУСТА, “Фантастик” продакшны найруулагч,жүжигчин Б.Тамир, МУСТА, жүжигчин Э.Алдар, МУСТА, жүжигчин Б.Ганчулуун нар бичжээ.
Харин киноны гол дүрд “Фантастик” продакшны найруулагч, жүжигчин Б.Тамир, МУСТА, жүжигчин Б.Батсайхан, МУСТА, жүжигчин С.Болд-Эрдэнэ болон залуу уран бүтээлч С.Идэрмаа нар тогложээ.
С.Идэрмаагийн хувьд “Зүрхний хилэн” киноны Сүглэгмаагийн дүрээр олонд танил болсон билээ. Түүнчлэн “U film” уран бүтээлийн нэгдлийн анхны бие даасан тайзны бүтээл “Ангарагаас ирсэн эмэгтэй” +18 модерн драмын жүжиг, “Mesmerism” продакшн, “BRB” ХХК, XMF-Хуур хөгжмийн наадам, “Монгол НD” телевизийн хамтын бүтээл “Диваажинд хүрэх зам” уран сайхны киноны гол дүрд тоглосон юм. Жүжигчин бүсгүй маань жүжиглэхээс гадна чамгүй сайн дуучин гэдгээ “Voice” шоуны үеэр харуулаад авсан.
Үзэгчдийн дунд хүлээлт өндөртэй байсан “ЗУРА” киног дижитал нээлтийнхээ үеэрээ ганцхан удаа гарсанд киног үзэж амжаагүй үзэгчид сэтгэл дундуур байгаагаа сошиал орчинд илэрхийлж багагүй шуугиан тариад байсан. Тэгвэл үзэгчдийн энэхүү хүсэлтийг харгалзан үзэж өчигдрөөс эхлэн ZURA УСК нээлтээ хийсэн платформуудын видео сангуудаар гарч эхэлсэн байна.