“Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллага Чингэлтэй дүүрэг дэх салбар зөвлөлөө байгууллаа. Тус холбоо байгуулагдсан цагаасаа 14 аймагт салбар зөвлөлөө байгуулсан бөгөөд нийслэл дэх салбар зөвлөлөө Чингэлтэй дүүргээс эхэлж байна.
Тус холбооны өнөөдрийн хуралдаанд гишүүдийн 100 хувийн саналаар дүүргийн салбар зөвлөлийн тэргүүнээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Н.Батсүмбэрэлийг сонгон баталгаажууллаа.
“Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн батламжилсан гэрчилгээ болон, холбооны тугийг тус холбооны Ажлын албаны дарга Бригадын генерал Д.Ганбаатар гардуулан өгсөн юм.
Тус холбоо нь хүүхэд залуучуудад үндэсний бахархалт үзлийг түгээх, цэрэг эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг ухамсарлуулах цогц ажил, арга хэмжээг зохион байгуулж ажиллах бөгөөд тодорхой чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд боловсруулж хэрэгжүүлэх ажээ.
Мөн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад ажиллаж байсан бэлтгэл болон чөлөөнд байгаа офицер, ахлагч, түрүүч, байлдагч нарыг орон нутгийн болон бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулах, тэдний бахархалт үйлсийг сурталчлан таниулах чиглэлээр ажиллана.