УОК, Эрүүл мэндийн яам коронавирусын халдвараас урьдчилсан сэргийлэх, шуурхай хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх, олон талт хамтын ажиллагааг хангах зорилгоор “COVID-19 Шуурхай удирдлагын систем”-ийг нэвтрүүллээ.
Энэхүү систем нь ЭМЯ, ХӨСҮТ, УОК болон эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг бүхэлд нь хамруулсан салбар дундын мэдээллийн цогц систем болох юм. Түүнчлэн, гэрээр ажиглалтад байгаа иргэдэд зориулж гар утасны аппликейшн хөгжүүлж бэлэн болголоо.
Тус системийг Интерактив компанийн хөгжүүлсэн Veritech ERP платформд суурилж богино хугацаанд туршиж, нэвтрүүлсэн юм. “Veritech ERP” платформ нь Монголын анхны бизнес процессын загварчлалд суурилсан платформ юм. Энэхүү платформ Монголын мэдээллийн технологийн салбарын дараагийн түвшин болох програм хангамжийг хатуу код бичихгүй, програм зохиогч оролцохгүйгээр маш богино хугацаанд, хялбар зохион бүтээдэг онцлог давуу талтай бөгөөд энэхүү боломжийг ашиглан “COVID-19 Шуурхай удирдлагын мэдээллийн систем”-ийг хугацаанд хөгжүүлж, туршилт, нэвтрүүлэлтийг амжилттай хийлээ.
Уг систем нь гадаад улсаас эх орондоо ирж байгаа иргэдийн мэдээллийг бүртгэхээс эхлэн тусгаарлалт, тусгаарлах байр, гэрээр тусгаарлагдаж дуусах хүртэлх бүхий л процессыг загварчилсан бөгөөд эдгээр ажилд оролцож буй эмч нар, ашиглах эм, тоног төхөөрөмж, хэвтэх эмнэлгийг автоматаар тооцон хуваарилж халдварын үеийн онцгой нөхцөлд оновчтой, шуурхай мэдээллээр ажиллагааны нэгжүүдийг хангаж, салбар дундын цогц мэдээллийн систем болсноороо онцлог юм.
Систем нь дараах модулиудыг багтаасан:
- Тусгаарлалт, бүртгэлийн модуль – Гадаадаас ирж буй иргэдийг бүртгэх, тусгаарлах байранд бүртгэх
- Эмнэлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний модуль- Сэжигтэй тохиолдлыг бүртгэх, тусламж үйлчилгээний бүртгэлийг хийх
- Эрүүл мэндийн дуудлага үйлчилгээний модуль –Халдвартай холбоотой бүх төрлийн дуудлагыг бүртгэж, зөвлөгөө мэдээлэл өгөх
- Нөөц төлөвлөлтийн модуль – Вирусийн халдварын үед ашиглах эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж болон хүний нөөцийг төлөвлөлт, тооцооллыг хийх
- Тоон мэдээлэл нэгтгэх модуль – Монгол улсын эрүүл мэндийн салбарын харьяа байгууллагуудаас өдөр тутам авдаг судалгаа, тоон мэдээллийг бодит цагийн горимоор хүлээн авч, нэгтгэл тайлангаар хангах
- Нэгдсэн удирдлагын аналитик модуль – Тусгаарлалт, нөөц төлөвлөлт, тоон мэдээллийн нэгтгэлийн аналитик удирдлагын самбар
- Гар утасны аппликейшн – Гэрээр тусгаарлагдаж буй иргэдэд зориулсан гар утасны аппликейшн