Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нар Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэ үйлдвэрийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээнд оролцов.
Уг ёслолын арга хэмжээнд Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Экспортыг нэмэгдүүлэх асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Иштван Юу Будапешт хотоос цахимаар оролцов.
Энэхүү төсөл арав гаруй жил яригдсаны эцэст Монгол, Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн үеэр хэрэгжиж эхэлж байгаад хоёр улсын төлөөлөгчид баяртай буйгаа илэрхийлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллахаа нотлов.
Уг төсөл амжилттай хэрэгжиж эхэлснээр Монгол, Унгарын эдийн засгийн харилцаанд шинэ хуудас нээгдэж, Унгар Улсын Засгийн газрын зээлийн санхүүжилтээр дараагийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээг эхлүүлэх боломж бүрдэж байгааг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцлон тэмдэглэв.
Европын орнуудаас Унгар Улсын Засгийн газар монгол оюутнуудад хамгийн олон тэтгэлэг олгодогт талархал илэрхийлж, Монголын залуусыг энэхүү тэтгэлгээр биотехнологи, микробиологи, эм зүй зэрэг нарийн мэргэжлээр Унгар Улсад суралцуулж, Биокомбинатын шинэ үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг бэлтгэхэд хоёр тал хамтран ажиллах нь чухал болохыг онцлов.
Хоёр улсын хамтын ажиллагааны дараагийн төслүүдэд Унгар Улсын Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгох, яриа хэлэлцээг эхлүүлэх сонирхолтой буйгаа Төрийн нарийн бичгийн даргын орлогч Иштван Юу илэрхийлэв.
“Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийг Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулсан хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх юм. Төсөл хэрэгжсэнээр жилд дунджаар 10.0 сая тун шүлхий өвчнөөс сэргийлэх, 10-15 сая тун мялзан өвчнөөс сэргийлэх, 20 сая тун цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болж, малын эрүүл мэндийг сайжруулах төдийгүй гадагш чиглэсэн валютын урсгалыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулах болно.