“Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-аас Налайх-Чойрын чиглэлийн авто замтай холбох 4.64 км авто замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр хийгдэж буй уг ажил нь 2018 онд эхэлж, өнөөдрийн байдлаар авто замын үндсэн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч, явган хүний зам, хөвөө, тоноглолын ажлууд хийгдэж байна.
Уг зам нь 40 метр өргөн, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, явган хүний зам болон ногоон зурвастай, үйлдвэрлэл аж ахуйн газар болон бусад гудамж замын зэрэглэлтэй, хүнд даацийн автомашин зорчих цемент бетон авто зам юм. Авто замыг зургаадугаар сарын 10-н гэхэд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
Мөн “Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил” энэ оны дөрөвдүгээр сарын 01-ны өдрөөс эхэлж 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Ажлын хүрээнд трасст өртсөн инженерийн шугам сүлжээний ажлууд бүрэн дуусч, авто замын газар шорооны ажил 90 хувьтай хийгдээд байгаа ба авто замын бродюрын ажил үргэлжилж байгаа аж.
Налайх дүүргийн иргэдийн ая тухтай зорчуулах нөхцөлийг бүрдүүлэх 4,4 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2020 оны зургаадугаар сарын 20-нд нээхээр төлөвлөжээ.
Тус авто замын Нэгдүгээр хэсгийг “ЗБИБ” ХХК болон “Мотор сервис” ХХК-ны түншлэл, Хоёрдугаар хэсгийн гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ууд ажиллаж байна.
ЭХ СУРВАЛЖ: Нийслэлийн авто замын хөгжлийн газар