Яармагт баригдаж буй 880 өрөөтэй нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн барилгыг энэ сарын 15-нд хүлээн авах гэж байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл төрөх эмнэлгийн ашиглалтын өмнөх байдалтай танилцжээ. Уг эмнэлгийн барилгыг 2010 онд эхлүүлсэн бөгөөд гацаад байсан барилгын ажлын санхүүжилтийг Засгийн газрын түвшинд шийдвэрлэж, хоёр жилийн өмнөөс ажлыг эрчимжүүлсэн.
Эрүүл мэндийн салбарт сүүлийн 30 жилд анх удаа баригдаж буй хамгийн том бүтээн байгуулалт гэх энэ төрөх эмнэлэг 34 мянган ам.метр талбайтай, 880 өрөөтэй бөгөөд 1500 орчим ор тавих талбайн боломжтой юм. Энэ эмнэлгийг эхний ээлжинд коронавирусийн халдварын тархалтын үед халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх зорилгоор ашиглах Засгийн газрын шийдвэр гарсан.
ХӨСҮТ-ийн дараагийн түшиц эмнэлгээр ашиглахаар шийдвэрлэж, ор, эрчимт эмчилгээний тасгийг бэлтгэсэн байна. Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн энэ барилга манай улсын эрүүл мэндийн салбарын барилгууд дотроос ЭХЭМҮТ-ийн дараа хоёрдугаарт орох том талбай бүхий эмнэлэг болжээ.