Шинэ төрлийн коронавирусын халдварт өвчний тархалт дэлхий дахинаа хурдацтайгаар өсөн нэмэгдэж буй өнөө үед энэхүү халдварт өвчнийг түргэн шуурхай, найдвартай аргаар оношлох нь улс бүрийн хувьд чухал асуудал юм.
Иймд тус Элчин сайдын яамнаас Монгол Улсад урт хугацаанд бизнес эрхэлж буй Сингапурын бизнес эрхлэгч нарт хандаж, цар тахлын хүндрэлтэй энэ цаг үед Монгол Улсад дутмаг буй оношилгооны төхөөрөмж худалдаж авахад зориулж хандив өгөхийг санал болгосон билээ.
Сингапурын бизнес эрхлэгч нар бидний саналыг найрсгаар дэмжиж 30 000 син.долларын хэмжээтэй хандив, 5000 ширхэг амны хаалтыг тус тус өгсөн юм.
Элчин сайдын яамны зүгээс Монгол Улсын Эрүүл мэндийн яамтай зөвлөлдөж, Сингапур Улсын “Biolidics” лабораториoс “2019-nCoV IgG/IgM Antibody Detection kit” нэр бүхий 1800 ширхэг COVID-19 оношилгооны түргэвчилсэн тестийг захиалж, бэлэн болсныг өчигдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын төрийн байгууллагын төлөөлөгчид ийнхүү хүлээн авчээ.
Бүгд Найрамдах Сингапур Улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны газраас хүлээн зөвшөөрсөн уг оношилгооны түргэвчилсэн тестийн давуу тал нь хугацаа хэмнэхийн сацуу хүний цусан дахь эсрэг биетийг 10 минутын дотор илрүүлэх боломжтой.
Бүгд Найрамдах Сингапур Улсын бизнес эрхлэгч нарын уг хандив нь Монгол Улсын COVID-19 халдварт өвчинтэй тэмцэх үйл хэрэгт ач холбогдолтой хэмээн Эрүүл мэндийн яамнаас сайшаан тэмдэглэв. Өдгөө 2020 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ үед Сингапурын иргэдийн зүгээс үзүүлж буй уг тусламж нь хоёр улсын харилцааны найрсаг, дотно төвшний илрэл юм.