Засгийн газраас Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тухай тогтоолын төслийг баталсан байдаг. Энэхүү тогтоолын төслийн хүрээнд 1500 орчим албан хаагчийг орон сууцтай болгохоор болсон билээ.
Тэгвэл өнөөдөр /2020.06.09/ Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин цар тахлын үед хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид болон албан хаагчдын төлөөлөлд орон сууцны батламжийг нь гардуулж өглөө.
Эмч, эмнэлгийн ажилтан болон албан хаагчдын төлөөлөлд орон сууцны батламжийг нь гардуулж өгөх үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “УИХ-ын хаврын чуулганаар цар тахлын эсрэг хуулийг баталсан. Энэ хууль бол нэлээн урт нэртэй. Гол нь цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх хууль юм. Энэ хуульд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх бүх арга хэмжээг зааж өгсөн. Тэр дундаа эрсдэл бүхий нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад түрээслээд өмчлүүлэх орон сууцаар хангах тогтоол гарсан. Энэ ажлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулах үүргийг өгсөн. Та бүхэн үнэхээр их үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс. Монгол Улс дотооддоо вирус алдаагүй цөөхөн орны нэг. Гэхдээ эрсдэл өндөр байна. Ийм нөхцөлд дотооддоо алдаагүй явж ирлээ. Үүнд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс бол та нар минь юм. Дээр нь мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой, тагнуул, хил хамгаалах, батлан хамгаалах, гааль гээд олон байгууллага бий. Өдөр шөнөгүй ажиллаж байна. Та бүхний хүчээр Монгол Улс цар тахлыг дотооддоо алдаагүй байна. Монголын төр зүтгэсэн, сайн ажилласан хүмүүсээ харж үзэх ёстой. Үүнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд бүгд санал нэгдэж байна” гэлээ.
Энэ үеэр эхний ээлжийн 10 эмч, эмнэлгийн ажилчдад орон сууцных нь батламжийг гардуулж өглөө.