Тайванийн Засгийн газраас шинэ төрлийн коронавируст халдварт өвчинтэй тэмцэхэд зориулан Монгол Улсад 200 мянган ширхэг эмнэлгийн зориулалтын амны хаалт хандивлалаа.
ХӨСҮТ-д болсон хандив гардуулах үеэр тус төвийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ, “Амны хаалт бол халдварт өвчнөөс уьрдчилан сэргийлэх хамгийн чухал үр дүнтэй хэрэглэгдэхүүн билээ. Шинэ төрлийн коронавирус нь агаар дуслаар дамжин халдварладаг тул амны хаалт зүүхгүй байх нь туйлын эрсдэлтэй юм” гээд Тайваньд үйлдвэрлэсэн амны хаалт нь нимгэн зузааны хувьд тохиромжтой, зүүхэд эвтэйхэн, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж буйг хэллээ. Мөн тэрбээр халдварт өвчинтэй тэмцэж буй эмч, ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал хандуулж буйд Тайванийн Төлөөлөгийн газарт талархал илэрхийлсэн юм.
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлэхдээ, “Тайвань, Монгол орны Засгийн газар халдварт өвчинтэй маш үр дүнтэй тэмцэж байна. Тайвань өдөрт хоёр сая ширхэг хүртэлх тоо хэмжээний амны хаалт үйлдвэрлэх хүчин чадалтай байсан хэдий ч энэ оны хоёрдугаар сард Засгийн газар болон хувийн хэвшил хүчээ нэгтгэн, “Амны хаалт үйлдвэрлэх үндэсний баг”-ийг байгуулсан. Ингэснээр амны хаалт үйлдвэрлэх 90 үйлдвэрлэлийн шугам шинээр нээж, өдөрт 20 сая ширхэг амны хаалт үйлдвэрлэж байна. Тайвань амны хаалт үйлдвэрлэх хүчин чадлаараа дэлхийд хоёрдугаарт бичигдэх болсон төдийгүй өнгөрсөн дөрөвдүгээр сараас амны хаалт нэн шаардлагатай байгаа улс орнуудад хандивлаж эхэлсэн. Эдгээр амны хаалт нь эмч, ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулна гэж найдаж байна” гэв.
Тайвань энэ сарын 7-ны байдлаар дөрөв дэх удаагийн вирусийн халдварын далд үеийг амжилттай давж чадсан бөгөөд нийт 56 хоног дараалан Тайванийн дотоодод уг халдварт өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна.