Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрийн зургадугаар давхар шатаж байна гэсэн дуудлага зургадугаар сарын 7-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан.
Энэ үеэр цагдаагийн байгууллагаас 138 алба хаагч объектыг бүрэн хамгаалалтад авч, Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, 21:30 цагт бүрэн унтраасан билээ.
Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас ажлын хэсэг томилогдон гарч, энэхүү объектод хэргийн газрын үзлэгийг явуулж байгаа юм.
Одоогийн байдлаар тус гал гарсан объектод цагдаагийн байгууллагаас 20 мөрдөгч, прокурор, шинжээч, мэргэжлийн хяналтын байцаагч, “Номин холдинг” ХХК-аас томилогдсон ажлын хэсэг харилцагч, түрээслэгчийг байлцуулан хэргийн газрын үзлэгийг гурав дахь өдрөө зохион байгууллаа.
Мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын алба хаагч нар объектыг үргэлжлүүлэн хамгаалалтад аваад ажиллаж байна.
“Гал алдсанаас хойш хэргийн газрын үзлэгийг шуурхай зохион байгуулсны үр дүнд таван давхар хүртэл бүх үзлэг, шалгалтыг хийж дуусгасан.
2020 оны 6 дугаар сарын 10-н буюу өнөөдөр зургадугаар давхрын хэргийн газрын үзлэгийг үргэлжлүүлэн зохион байгуулна” гэж тус ажлын хэсгийн ахлагч, Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ш.Амартүвшин ярилаа.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар