Төрийн ордонд ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалах яамны “Түнш орнуудын аюулгүй байдал, батлан хамгаалах, тогтвортой байдлыг хангах, сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэгт тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, эм тариа худалдан авах зориулалтаар 1 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэх тохиролцоонд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Ёорн Розенберг нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Арга хэмжээний үеэр Элчин сайд, ноён Ёорн Розенберг – Герман-Монгол улсын найрамдалт харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцаа өндөр төвшинд хүрсэн бөгөөд цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Дэлхий дахиныг түгшээж буй цар тахлыг бид хамтын хүчээр даван туулах ёстой.
Өнөөдөр ХБНГУ-аас цар тахалтай тэмцэх үүрэг хүлээсэн Цэргийн төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг бэхжүүлэх, эмч, ажиллагсдыг хамгаалах хэрэгсэл, шаардлагатай эм тариагаар хангах зорилгоор санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэх тохиролцоог баталгуулж байгаадаа баяртай байна. Энэхүү тусламж нь Монгол Улсын цар тахлын эсрэг авч буй арга хэмжээнд дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. Герман Улс нь зөвхөн COVID-19 цар тахлын эсрэг тэмцлээр хязгаарлахгүйгээр сайн анд нөхдийн хувиар Монгол Улсын дэргэд ирээдүйд ч хамт байх болно гэдгийг илэрхийлсэн юм.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд – Хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин тэлж байгаа ба ХБНГУ-ын ХБХЯ-аас Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэчлэлд үргэлж дэмжлэг үзүүлсээр ирсэн юм. Хоёр орны цэргийн алба хаагчид даяан дэлхийн энх тайвны төлөө мөр зэрэгцэн алба хааж буй нь бидний батлан хамгаалах салбарын харилцааны хөгжлийн тод илрэл гээд Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэг нь COVID-19 цар тахалын үед тусгаарлалт, эмчилгээний гол эмнэлгийн нэг болон ажиллаж байгаа энэ чухал хариуцлагатай үед эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулж, хамгаалах хэрэгсэл болон эм тариа худалдан авахад шаардлагатай санхүүгийн тусламж үзүүлж байгаа нь манай цэргийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид эрсдэлгүй ажиллах, цаашлаад цэргийн алба хаагчид болон иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулахад маш том дэмжлэг болж байгааг онцолсон юм.
Түүнчлэн ХБНГУ-ын Зэвсэгт хүчний нөөцөөс Монгол Улсын Зэвсэгт хүчин, энхийг сахиулагчдын эрүүл мэндийн үйлчилгээ болон яаралтай осол, гамшгийн үед хэрэглэх зориулалттай 20 ширхэг зөөврийн амьсгалын аппаратыг буцалтгүй тусламжаар олгохоор шийдвэрлэсэн ба удахгүй хүлээж авна.