СЕХ-ноос нэр дэвшигч Л.Наранбаатарыг хоёр намаас зэрэг нэр дэвшсэн гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсан. Энэ асуудлаар Л.Наранбаатар шүүхэд хандсан бөгөөд шүүх хуралдаан өнөөдөр 11.30 минутад болох байсан боловч СЕХ-ны төлөөлөгчийн хүсэлтээр түр хойшилж, 16.00 цагт үргэлжлэхээр болжээ.Энэ талаар Л.Наранбаатар шүүхийн гадна мэдээлэл өглөө.
Тэрбээр “СЕХ-ны төлөөлөгч шүүх хуралд иргэдийн төлөөлөгч байх ёстой гэсэн шаардлага тавьсны дагуу хойшлуулсан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагч болон оролцогч тал хоёулаа иргэдийн төлөөлөгч байлгах шаардлагагүй гэж үзвэл хурлыг үргэлжлүүлэх боломжтой. Шүүх бүрэлдэхүүнээс иргэдийн төлөөлөгчөөр томилсон хүн нь утсаа унтраагаад ирээгүй. Тэр хүнийг олж ирж байж шүүх хурлаа үргэлжлүүлэхээр боллоо. Тэр болтол иргэдийн төлөөлөгчөөр томилсон хүн олдохгүй бол шүүх хурал үргэлжлэх боломжгүй. СЕХ энэ мэт байдлаар шүүх хурлыг хойшлуулах тактик барьж, сонгуулийн хугацааг дуусгах гээд байна уу гэж харж байна. СЕХ миний өрсөлдөгч З.Энхболдын халаасанд байна. Үндсэн хууль зөрчсөн СЕХ-г эсэргүүцэж, намайг дэмжиж гарын үсэг зурсан 70 гаруй мянган иргэнд баярлалаа. Бид зогсохгүй, тэмцэнэ. Нэр дэвших эрхийнхээ төлөө нэг минут үлдсэн ч тэмцэх болно. Сонгуулийн сурталчилгааны хугацаа дууссан ч шударга ёсны төлөө тэмцэнэ” хэмээн тодотголоо.
Л.Наранбаатарыг мэдээлэл хийх үеэр Баянзүрх дүүргийн иргэд, сонгогчид “АН-аас нэр дэвшигч З.Энхболд СЕХ-ноос савраа тат” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байлаа.