Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг өнөөдөр 02.00 цагийн орчимд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид саатуулжээ.
Шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан энэ сарын 11-нд эхэлсэн ч шүүгдэгчдийн хүсэлтийн дагуу 5 хоног хойшилсон юм. Энэ үер шүүх хуралд Б.Отгонбаатарын өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалгаангүйгээр ирээгүй, Ж.Эрдэнэбат нь өнгөрсөн сарын 15-наас буюу хэрэг шүүхэд шилжсэнээс хойш шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй гэсэн үндэслэлээр цагдан хорихоор шийдвэрлэсэн.
Уг шийдвэртэй холбогдуулан МАН-аас СЕХ-нд шаардлага хүргүүлээд буй юм. Шаардлагад Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа төдийгүй 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж, үнэмлэхээ гардсан гэдгийг дурдсан байна. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 5.5-д “Иргэн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлахыг хориглоно”, 14.13-т “Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгууль зохион байгуулахад төрийн албан хаагчид болон бусад этгээд хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно”, 35.2.1-д “Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэрэг болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр цагдан хорихыг хориглоно” гэж тус тус заасныг ноцтой зөрчлөө” гэжээ.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын хувьд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа юм. Тодруулбал, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Улаан сайр-2 хэмээх 1462.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констрашкн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх асуудлыг шалгуулахаар АТГ-т иргэд хандаж байсан. Уг асуудлыг хуулийн байгууллагууд шалгаж, улмаар шүүхийн шатанд шилжээд буй юм.