Шадар сайд Ө.Энхтүвшин ЗТХЯ, УУХҮЯ-ны төлөөлөгчидтэй хамт Оюу толгойн төслийн ажилтай танилцаж байна.
Оюу толгой ордын нийт нөөцийн 80 хувь нь гүний уурхайд агуулагддаг. Өнөөдрийн байдлаар далд уурхайн бүтээн байгуулалт 60 гаруй хувьтай үргэлжилж байгаа аж. Далд уурхайг 2023 онд ашиглалтад оруулж, олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар далд уурхайн хөндлөн малталтыг хийж байгаа бөгөөд өдөрт 1800 метр газар малтаж байна. Мөн уурхайн гүнд анхдагч чулуу бутлуурын хэсгийн бүтээн байгуулж буй бөгөөд 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Гүний уурхайн бүтээн байгуулалт цаашид тодорхой хэмжээнд саатах магадлалтай бөгөөд энэ нь коронавирусний эрсдэлээс сэргийлэх үүднээс улсын хилийг хаасны дараа гадаадын нарийн мэргэжилтнүүд ирж чадахгүй болсонтой холбоотой аж. Уг асуудлыг шийдвэрлэхэд УОК анхаарлаа хандуулна гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ.
2020 оны эхний улиралд Оюутолгой орд нийт 35.2 мянган тонн зэс, 26.2 мянган унц алт олборложээ. Энэ нь зэс өнгөрсөн оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 23 хувиар, алт 78 хувиар буурсан үзүүлэлт аж. Энэ нь ил уурхайгаас олборлосон баяжмал дахь зэсийн агууламж буурсантай холбоотой гэдгийг “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт хэлж байлаа.