Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Цагдаагийн байгууллагас УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үед хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэдгээ мэдээллийн эхэнд дуулгасан юм.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн байгууллагад сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй, гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 676 дуудлага мэдээлэл 102 тусгай дугаарын утсанд ирсэн. Эдгээрийн 308 нь нийслэлд, 368 нь орон нутагт ирсэн мэдээлэл.
Харин ирсэн гомдол мэдээллийг агуулгаас нь харвал сонгуулийн сурталчилгааны самбар, материал устгах, бохирдуулсан, цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мессежээр бусдыг гүтгэн доромжилсон, хуульд заасан бусад хэлбэрээс сурталчилгаа явуулж байна гэх дуудлага мэдээлэл н нийт ирсэн мэдээллийн дийлэнх хувийг эзэлж байна.
Сонгуулийн жил эхэлсэнтэй холбогдуулан хүний, улс төрийн эсрэг гэмт хэрэг зөрчилтэй холбоотой байж болзошгүй гомдол мэдээлэл 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 390 бүртгэгдэж, харьяаллын дагуу нэгжүүд шалгалтын ажиллагааг явуулж байна” гэдгийг хэлэв.
ЦЕГ-ын Ж.Чинбат “Сонгогчдод хууль бусаар мөнгө, эд зүйл өгвөл Эрүүгийн хуулийн дагуу сонгогчийг сонгох эрхээ эдлэхэд нь саад учруулсан хэмээн 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 1-5 жилээр зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хорих ялаар шийтгэнэ гэсэн заалттай. Энэ төрлийн 18 гомдол бүртгэгдсэний дийлэнх нь худал, үндэслэлгүй мэдээлэл болох нь тогтоогдсон” гэлээ.
Түүнчлэн ЦЕГ, ТЕГ-аас хамтарсан шаардлага хүргүүлэв.