Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, МУИС-ийн Хууль зүйн сургууль, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон түүний “Эрх зүйн боловсрол” академи хамтран зарласан “Арилжаа (аж ахуй)-ны маргааныг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, шүүхийн практик” нийтлэлийн уралдааны шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа.
Уралдаанд ирүүлсэн нийтлэлийг зохион байгуулагч талуудын төлөөлөл болох Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, МУИС-н Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн танхимын эрхлэгч, профессор Б.Амарсанаа, Эрх зүйн боловсрол академийн захирал А.Энхтуяа нараас бүрдсэн сонгон шалгаруулах баг зохиогчийн нэрсгүйгээр сонгон шалгаруулж, үнэлж дүгнэн шилдгийг нь шалгаруулсан аж.
Нийтлэлийн уралдаанд
– Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа “Харилцан итгэлцэл, шударга ёсны зарчим ба гэрээний чөлөөт байдлын зарчим: гэрээний стандарт нөхцөл” сэдэвт нийтлэлээр хоёрдугаар байр,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр “Аж ахуйн үйл ажиллагааны улсын бүртгэлийн тогтолцоог бий болгох эрх зүйн үндэс” нийтлэлээр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг “Иргэний эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх онолын асуудал ба арилжааны эрх зүйн харилцааг тусад нь хуульчлах хэрэгцээ, шаардлага” нийтлэлээр, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах “Арилжаа эрхлэх явцад үүссэн үүргийн зөрчилд хариуцлага хүлээлгэх зарим асуудал” нийтлэлээр тус тус гуравдугаар байр эзэллээ.
Уралдаанд амжилттай оролцсон шүүгч, сонгон шалгаруулсан баг, бусад төлөөлөгчдийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр тус сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, доктор, профессор Ц.Сарантуяа хүлээн авч дүнг танилцуулсан юм. Тэрбээр энэ удаагийн нийтлэлийн уралдааныг зарлах болсон шалтгааныг танилцуулж, хамтран зохион байгуулсан Шүүхийн ерөнхий зөвлөл, МУИС-н Хууль зүйн сургууль болон богино хугацаанд нийтлэлээ ирүүлсэн нийт шүүгч нарт талархлаа илэрхийлж дурсгалын зүйл гардууллаа.
Энэ удаагийн арга хэмжээнд Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах оролцож, уралдааныг хамтран зохион байгуулсан талууд болон идэвхтэй, бүтээлчээр оролцсон нийт шүүгч нарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүссэн юм.
Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрхлэн гаргадаг “Шүүх эрх мэдэл” мэдээлэл, арга зүйн улирал тутмын эмхэтгэлд хэвлэн нийтэлж олон нийтийн хүртээл болгоно.
Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн