Нийслэлд жил бүрийн өдийд улиас модны үр буюу унгарил унах үйл явц үргэлжилдэг.
Харшил үүсгэх, сэдрээх магадлалтайгаас гадна иргэдэд таагүй мэдрэмж төрүүлдэг учир арилгах арга хэмжээг авахаар Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас ажиллаж байгаа аж.
Ингэхдээ нэг удаагийн шүршилт хангалтгүй учир өдөрт хоёр удаа буюу өглөө 08:00-12:00 цагуудад, орой 17:00-21:00 цагийн хооронд улиас модны унгарилыг арилгах тусгай зориулалтын 7 автомашин ажиллаж байна гэлээ.
Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрийн өгсөн үүргийн дагуу хаврын ногоон байгууламжийн арчилгаа, тордолтын ажлын хүрээнд улиас модыг гадна талаас нь тусгай зориулалтын автомашинаар шүршиж, даралттай усаар угаах зэрэг аргаар унгарил буюу молцогийг багасгах ажлыг хуваарь гарган зохион байгуулж байна.
Ингэхдээ дүүрэг бүрт тусгай зориулалтын автомашин хуваарийн дагуу ажиллаж, ногоон байгууламжийн хяналтын төрийн бус байгууллагын ажилчид газар дээр нь заавар зөвлөмж өгч, хяналт тавьж байгаа аж.
Өнгөрөгч 2017 оноос зөв хэлбэржүүлэх ажлыг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж төрийн байгууллагууд яам, тамгын газар, сургууль цэцэрлэгийн хашаан дахь ногоон байгууламжийг хэлбэржүүлэх, тэдгээрт заавар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулж жилд дундажаар 250 мянга орчим улиасыг хавар намрын улиралд тогтмол хэлбэржүүлж байна гэв.
Ингэснээр унгарилыг багасгах том хүчин зүйл хэдий боловч улиас мод нь 4 жилд нэг удаа их хэмжээгээр үрээ ялгаруулдаг онцлогтой юм. Ойролцоогоор тавдугаар сарын сүүлээс зургаадугаар сарын эхний долоо хоногийн хооронд үрлэж, үрээ гөвдөг.