Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадыг зургаадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн сард гаргасан билээ.
Тус шийдвэрийн дагуу ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгугаас тус цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулах урилгыг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хүлээн авч, цэргийн алба хаагчдыг оролцуулах болсон юм.
Улаан талбайд болох Ялалтын баярын цэргийн парадад оролцох Монголын багийн бие бүрэлдэхүүнийг энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын Агаар-сансарын хүчний “Ил-76” онгоц ирж аван, Монголоос Москва хотноо хүргэжээ.
ОХУ-ын БХЯ-аас цэргийн парадад оролцох бие бүрэлдэхүүнд гурван удаагийн COVID-19-ийн шинжилгээ хийсэн ба халдвар аваагүй нь тогтоогдсон учир зургаадугаар сарын 15-ны өдрөөс ОХУ-ын БХЯ-ны харъяа сувилалын газарт байрлаж цэргийн парадын бэлтгэлдээ гараад байна.
Энэ жилийн цэргийн парадад гадаадын 19 орны цэргийн алба хаагчид оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирээд байгаа бөгөөд 17, 18, 20-ны өдрүүдэд Улаан талбай дээр нэгдсэн бэлтгэлийг хийхээр төлөвлөгдөж байна.
Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам