Х.Оюунбаатар: Шударга ёс бол нийгмийн аливаа системийн оршихуйн үндсийг тодорхойлдог дүрэм

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Х.Оюунбаатартай шударга ёс, үнэт зүйл, хүүхдийн шударга байдлын талаар ярилцлаа.

-Шударга ёс, шударга байдал гэсэн ойлголтуудыг тайлбарлаж өгөөч. Хүмүүс өдөр тутмын яриандаа байнга л хэрэглэж байдаг боловч цаад мөн чанарыг нь төдий л эргэцүүлдэггүй.

-Нэг өгүүлбэрээр хариулт өгөхөд төвөгтэй ойлголтууд л даа. Өнөө хэр маргаантай сэдэв хэвээр байна. Эртний грекээс эхлэе. Эртний грекийн домогт гардаг Дике гэдэг бол шударга ёс, ёс суртахууны эрхэм дээд байдал, шударга шүүхийн төлөөлөл болсон бурхан тэнгэрийн нэр юм. Ер нь, эртний грекчүүд шударга ёс гэдгийг нэгдүгээрт ёс суртахуунтай, хоёрдугаарт, хууль ёстой холбон үзэж байсан нь харагддаг. Сократ шударга ёс гэдэг бол шударга, ухаалаг хуулийг ягштал баримтлахыг хэлнэ. Хууль ухаалаг биш, шударга биш байвал шударга ёс өөрөө утга учиргүй болно гэсэн байдаг. Би хувьдаа шударга ёс гэдгийг нийгмийн аливаа системийн оршихуйн үндсийг тодорхойлдог дүрэм гэж ойлгож болмоор санагддаг.

Харин Плато ерөөсөө хүн өөрт оногдсон үүргийг дээд зэргээр гүйцэтгэх, өөрт оногдоогүй үйлийг үл хийх, товчоор бол хүн хийх ёстойгоо хийж, хийх ёсгүйг үл хийхийг шударга ёс гэж үзсэн байдаг. Энэ бол илүү нийгмийн зохион байгуулалттай холбоотой санаа л даа. Миний бодлоор өнөөгийн бидний хэрэглээд байгаа “шударга байдал” гэдэг ойлголтын эх үндэс ч байж магадгүй. Integrity гэдэг үгийг бид шударга байдал гэж хөрвүүлээд байгаа юм. Энэ үг “үнэнч байх”, “ёс суртахууны хүчирхэг зарчимтай байх” буюу “шударга байдал” гэдэг нэг утгатай бол бас “бүхэл байдал”, “нэгдмэл байдал” гэсэн бас нэг утгатай. Нийгмийн системийг бүрдүүлэгч дэд систем, элемент бүр тухайн тогтолцоондоо өөр өөрийн байр суурь, үүрэг(функц)-тэй. Бүхэл системийн хувьд ямар ч үүрэггүй элемент, эсвэл дэд систем оршин байх боломжгүй бөгөөд бүгд харилцан бие биенээ нөхцөлдүүлж, бүхэл системийг “бүтээж” байдаг. Үүнийг integrity буюу шударга байдал гэж нэрлэдэг бөгөөд энэ нь Платогийн үзэл санаатай холбогдох ямар нэг сэжим бүхий байна гэж би үздэг. Эндээс “нийгэм”, “шударга ёс”, “шударга байдал” гэдэг ойлголтууд зарим утгаараа давхцах ойлголтууд гэж дүгнэж болно. Нийгмийн системийн элементүүдийн хоорондын харилцан хамаарлыг үгүйсгэх, тэдгээрийг удирддаг аливаа дүрэм журмыг эвдэн сүйтгэх санаархал, оролдлогыг “шударга бус зүйл” гэж хэлж болох юм. Ийм шударга бус зүйлсийн нэг нь гарцаагүй авлига л даа.

-Тэгэхээр авлига гэдэг зүйлийг нэг талаас хүний ёс суртахуунтай, нөгөө талаас нийгмийн системтэй холбон тайлбарлах хэрэгтэй гэсэн үг үү?

-Тийм. Гэхдээ ихэнх судлаачид авлигыг нийгмийн үзэгдэл гэдэг утгаар нь авч үздэг хэвээр байна. Авлига бол эдийн засаг, засаглал, ил тод байдал, тэгш бус байдал, ядуурал, хүний капитал, дэд бүтэц, улс төр, хуулийн засаглал, хууль бус үйл ажиллагаа, мансууруулах бодисын эргэлт гэх мэт маш олон хувьсагч бүхий нарийн төвөгтай динамик системийн асуудал болохыг сүүлийн үед нилээн хөндөх болсон. Зарим судлаачид системийн динамикийг загварчлах аргуудыг ч ашиглан судалгаа хийж байна. Системийн хандлага нь авлигыг харилцан хамаарал бүхий элементүүдийн систем гэж үздэг бөгөөд нийгмийн систем дэх бусад дэд системүүдэд түүний үзүүлэх нөлөөлөл, байр суурь, оролцогч субьектууд, мөн эдгээрийг удирдах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай асуудлыг цогцоор нь судлах, шийдвэрлэх боломж олгох давуу талтай юм.

Яам, агентлагуудын шударга байдлын судалгааны дүнг харахад ерөнхий боловсролын сургуулийн сурагч хүүхдүүдийн шударга байдлаас доогуур, шүүх засаглалын байгууллага түүнээсээ доогуур байгаа гэх судалгааны үр дүн гарсан байдаг. Шударга байдалтай шалтгаан, үр дагаврын хамаарал бүхий илүү олон хувьсагчтай харилцан үйлчлэл үүсэх тусам шударга байдлын түвшин буураад байна. Ийм баримт байгаа тохиолдолд нийгмийн систем дэх тэдгээр хувьсагчуудтай холбоотой дүгнэлт хийх л шаардлагатай болно. Эндээс шударга байдал гэдэг нь ч бас системийн асуудал гэж харагдаж байгаа биз?

-Танай байгууллагаас “Шударга байдлын үнэлгээ”, “Хүүхдийн шударга байдлын судалгаа” гэх мэт хэд хэдэн төрлийн судалгааг сүүлийн жилүүдэд тогтмол хийсэн байна. Энэ дундаас “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-ны үр дүн болон хүүхдийн шударга байдлыг дээшлүүлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байгааг тодруулж өгнө үү. 

-“Хүүхдийн шударга байдлын судалгаа”-г “Транспэрэнси Интернэшнл Солонгос” байгууллагаас боловсруулсан арга зүйн дагуу 2008 онд анх зохион байгуулснаас хойш 9 удаа хийсэн байдаг. Энэ судалгааг 21 аймаг, нийслэл дэх ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас авдаг бөгөөд хүүхдийн ёс суртахуун, төлөвшил, хууль сахих, авлигыг үл тэвчих үзэл зэрэг дэд үзүүлэлтээс бүрддэг. 2014 оныг хүртэл хүүхдийн шударга байдлын түвшин ерөнхийдөө өсөлттэй буюу дээд тал нь 4.03 оноонд хүрч байсан бол түүнээс хойш жил ирэх тусам буурсан үзүүлэлт гараад байна. Судалгааны дүнг харахад хүүхдийн шударга байдлын түвшин нас ахих тусам, анги дэвших тусам буурч байна. Эндээс хүүхэд нийгмийн харилцаанд оролцох, мэдээлэл авах хүрээ нь нэмэгдэх тусам шударга байдлын үзүүлэлт буурч байна гэсэн дүгнэлт хийж болохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл, харьцангуй цэвэр ариун, шударга үнэнч зан чанар, сэтгэл, үзэл бодолтой хүүхдүүд нийгмийн хар бараанд уусч байна. Хүүхдийн хандлага, зан чанарт эцэг эх, гэр бүлийн орчин, найз нөхөд, багш нар чухал нөлөөтэй болох нь ч судалгаанаас харагдаж байна. Гэхдээ энэ бүхэнд зөвхөн цэцэрлэг, сургуулийг буруутгаж огт болохгүй. Насанд хүрсэн Монгол Улсын 2 сая орчим иргэн-бид бүгд үүнд ямар нэг хэмжээгээр буруутай. Энэ бүхэн системийн асуудал гэдгийг эндээс бас харж болно. Судалгаанаас гарсан бас нэг зүйл бол нийслэлийн хүүхдүүдийн шударга байдлын төвшин орон нутгийн хүүхдүүдийнхээс доогуур байна.

Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж байгаа аливаа урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээ таны дурдсан болон бусад олон төрлийн судалгаад тулгуурладаг. Энэ ч утгаараа бид хүүхдэд чиглэсэн, хүүхдийн шударга байдлын төвшнийг дээшлүүлэхэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулсан бөгөөд энэ ажлууд одоо ч үргэлжилж байна. Тухайлбал, хүүхдүүд шударга ёсны тухай өөрсдийн үзэл бодлыг зураг, эссэ бичлэгээр дамжуулан илэрхийлэх, нийгэмд буй шударга бус байдлын эсрэг дуу хоолойгоо олон нийтэд хүргэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор  улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдын дунд “Миний мэдэх шударга ёс” сэдэвтэй гар зургийн уралдаан, ахлах ангийн сурагчдын дунд “Хүн болох багаасаа” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг өнгөрсөн оны намар зохион байгууллаа. Эдгээр уралдаанд 200 гаруй хүүхэд бүтээлээ ирүүлж оролцсон. Мөн энэ оны 3-5 дугаар сард “Залуус өөрчлөлтийн төлөө” үндэсний хөдөлгөөн, “Хуулийн хөтөч” клубтэй хамтран “New Generation No Corruption” илтгэлийн тэмцээнийг мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд цахим хэлбэрээр зохион байгуулсан. Тэмцээнд 125 сурагч видео илтгэл ирүүлж оролцлоо. Эдгээр уралдаан тэмцээнүүд хүүхдийг үнэнч, шударга аж төрөх ёсонд суралцах, зөв төлөвшилд дадуулахын сацуу давхар тэднийг хөгжүүлэх авьяас сонирхлыг нь дэмжих зорилго агуулсан юм. Та бүхэн эх орныхоо ирээдүйн эздийн үзэл бодлыг манай “АТГ – Олон нийтийн төв” facebook хуудсаас заавал үзэж сонирхоорой. “Хүүхэд эцэг эхээ хүмүүжүүлдэг” гэж үг байдаг даа.  Хүүхдүүдийн хэлж ярьж, бодож сэтгэж байгаа зүйл томчууд бидэнд ч бас асар их зүйлийг ухааруулна.  

Яг одоогийн байдлаар бид “Номадик контент” ХХК-тай хамтран бага, дунд ангийн сурагчдад зориулсан цуврал контентуудыг бүтээн, цахим сүлжээ, мэдээллийн бусад хэрэгслүүдийг ашиглан түгээж байна. Энэ ажил цаашид улам баяжиж, чанаржиж үргэлжилнэ.

-Оюутан залуусын шударга байдлын судалгаа хийдэг үү?, тэдэнд зориулсан ямар үйл ажиллагаа зохион байгуулав? 

-Оюутан залууст чиглэсэн, “Хүүхдийн шударга байдлын судалгаа“ шиг тийм тогтмол, давтамжит судалгаа бол хийдэггүй. Харин өнгөрсөн онд манай Судалгаа шинжилгээний албанаас төрийн бус байгууллагатай хамтран “Дээд боловсролын салбар, орчин дахь ёс зүйн асуудал” сэдэвтэй судалгаа хийсэн. Судалгааны зорилго нь иргэдэд нийтлэг үйлчилгээ үзүүлдэг, ёс зүйн өндөр хэм хэмжээг өдөр тутам чанд сахин мөрдөх шаардлагатай багш, эмч, эрх зүйч зэрэг мэргэжилтэн бэлтгэдэг төрийн өмчийн их сургуулиудаар төлөөлүүлэн дээд боловсролын салбарын ёс зүйн нөхцөл байдлыг тодруулах явдал байсан. Судалгааны үр дүнд “Оюутнуудын хувьд ёс суртахууны үлгэр дуурайл авах хүмүүсийн эхэнд багш байгаа хэдий ч, багшаас суралцах ёстой гэсэн хандлага курс ахих тусам буурч байна. Мөн курс ахих тусам их сургуулийн орчинд ёс суртахуунлаг бус байдал газар авсан гэж үзэх хандлага нэмэгдэж байна” гэж дүгнэсэн байна лээ.

Оюутнууд гэдэг бол Монгол Улсын тун ойрын ирээдүй юм. Тэд ямар дүр төрхтэй байна, улс орон маань тийм л байх болно гэсэн үг. Манай байгууллагын хувьд оюутан залуусыг орхигдуулахгүйгээр, тэдэнд ёс суртахуун, шударга ёс, үнэт зүйлийн боловсрол олгох, авлига, хүнд суртал зэрэг нийгмийн “халдварт өвчин”-тэй тэмцэх мэдлэг, чадвар олгоход зориулсан олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байна. Тухайлбал, 2019 оны 11 сард бид 3000 оюутанд зориулан “Үнэт зүйлийн боловсрол” сэдвийн дор олны танил, үзэл санааны удирдагч эрхэмүүдийн лекцийг зохион байгуулсан. UB паласт болсон уг арга хэмжээн дээр Удирдлагын академийн профессор, доктор М.Мөнхболд, “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч, доктор Ж.Галбадрах, нийгмийн ухаан, урлаг судлаач, продюсер Б.Наранзун тэргүүтэй эрхмүүд зөв үзэл бодол, хүсэл мөрөөдөл, үнэт зүйл, шаргуу, хөдөлмөрч зан чанар зэрэг өргөн хүрээтэй сэдвээр маш сонирхолтой, хөгжилтэй, бас сургамжтай яриа өрнүүлсэн.

Нийгмийн амьдралд оюутан залуусын бодит оролцоог нэмэгдүүлэх, идэвх санаачилгыг өрнүүлэх, дэмжиж хамтран ажиллах замаар шударга, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх зорилготой “Түлхүүр” уралдааныг санаачлан их, дээд сургуулийн 3 дугаар курсын оюутнуудын дунд зохион байгуулсан. Энэ уралдаанд 14 их, дээд сургуулийн 188 оюутан оролцсон. Энэхүү уралдааны сүүлчийн шатанд оролцсон багууд хүний эрхийг зөрчсөн байж болзошгүй, хүнд сурталтай төрийн ямар нэг үйлчилгээг сонгож, түүнийг шийдвэрлэх зорилгоор бодит ажил зохион байгуулж, үйл ажиллагааныхаа үр дүнг илтгэсэн тайлан бичиж, хамгаалсан нь бодитой, оюутнуудад өгөөжтэй үйл ажиллагаа болсон. Оюутнууд маань их зүйлийг мэдэж, сурч авсан. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд хүүхэд залууст зориулсан бүх үйл ажиллагаа маань facebook зэрэг цахим сүлжээнд тогтмол байршиж, хэн ч, хаанаас ч үзэж сонирхох, оролцох боломжийг нээж өгч байгаа юм.

-Үнэт зүйлийн боловсрол гэснээс, сүүлийн үед “үнэт зүйлийн төөрөгдөл”, “үнэт зүйлийн өөрчлөлт” гэж их ярих боллоо. Таны бодлоор үнэт зүйл гэж юу вэ? 

-Хүний хийгээд нийгмийн уг чанараас эх сурвалжийг нь хайх ёстой гэж боддог. Хүнийг бусад хүнгүйгээр, өөрөөр хэлбэл, нийгмээс ангид төсөөлөх боломжгүй. Тэгвэл нийгмийн мөн чанар юунд оршдог вэ? Миний бодлоор нийгмийн мөн чанар бол хүмүүс хоорондын харилцан үйлчлэл, харилцаа юм. Харин энэ харилцан үйлчлэлийг хүсэл, сонирхол удирддаг. Байгалын зөнгийн хувьд амьд үлдэх хүсэл суурь хүсэл байж ч магадгүй. Үй түмэн хүсэл байна. Тэр бүх хүсэл бол нийгмийн үзэгдэл буюу феномен. Нийгмээс, бусдаас хамааралгүй хүсэл бидэнд байхгүй болохоор би нийгмийн үзэгдэл гэж хэлж байна л даа.

Бид үзэгдлийг үгүй хийж чадахгүй, өөрчилж ч чадахгүй. Хүнийг хэзээ ч шуналгүй, хүсэлгүй болгох боломжгүй гэх гээд байна л даа. Хэрвээ үнэхээр тийм болчихвол түүнийг нэг бол өвчтөн, нэг бол Будда гэж нэрлэхээс өөр аргагүй болно. Харин бид үзэгдлийн талаарх үнэлэмжийг өөрчилж болно. Үнэлэмж гэдгийг би тухайн зүйлийн ач холбогдолд өгч буй үнэ цэн, эрэмбэ гэсэн утгаар ярьж байна. Үнэлэмж маш харьцангуй, надад одоо сайн, сайхан санагдсан зүйл өөр цагт, эсвэл өөр хүнд адгийн муу санагдаж болно. Тэр хэмжээгээр бид аливаа зүйлд үнэ цэн, ач холбогдол өгч, янз бүрээр эрэмбэлдэг. Эндээс л үнэт зүйлийн тухай ойлголт гарч ирдэг гэж бодож байна. Өмнө хэлсэн амьд үлдэх байгалын зөн ч байж магад, ямартай ч бид өөрсдийн оршин байх, хамтран амьдрах суурь нөхцөлийг бүрдүүлдэг тэр зүйлсийг л хамгийн өндрөөр үнэлдэг. Энэ бол үнэт зүйл. Хувь хүний хувьд, гэр бүлийн хувьд, байгууллагын хувьд, нийгмийн нэг нийтлэгийн хувьд, улс орны хувьд өөр өөр төвшиний, өөр өөр үнэт зүйлс яригдах байх л даа. Гэхдээ уг чанартаа бол хүмүүсийн хамтран амьдрах суурь нөхцөлийг бүрдүүлдэг тэр зүйлс юм.

-“Үнэт зүйлийн төөрөгдөл”, “үнэт зүйлийн өөрчлөлт” зэрэг ойлголтын тухайд? 

-Хүмүүс яг ямар утгаар ярьсныг сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ сэдэвтэй холбоотойгоор “мэдэх”, “чадах” хоёрыг ялгах хэрэгтэй санагддаг. Тухайлбал, хэн нэгэн хүн “бусдын төлөө санаа тавих” нь миний үнэт зүйл мөн гэж хэлж болох юм. Үнэхээр ч “бусдын төлөө санаа тавих” нь хүмүүсийн хамтран амьдрах суурь нөхцөлийг бүрдүүлэх чухал хүчин зүйл мөн л дөө. Гэвч тэр хүн үнэхээр “бусдын төлөө санаа тавьдаг” уу, үүнийг зорилгоо болгож байна уу, эсвэл хэрэгсэл болгоод байна уу гэдгээс бүх зүйл хамаарна. Хүмүүс үнэт зүйлийн хувьд тийм ч их “төөрчихсөн” гэдэг юм уу, сүрхий “өөрчлөгдөөд” байна гэж боддоггүй. Үнэт зүйл өөрөө харьцангуй тогтвортой зүйл. Тийм ч болохоор “үнэт” зүйл гээд байгаа юм. Дээрээс нь, Монголчууд оюуны соёлын хувьд өндөр төвшинд хөгжсөн ард түмэн. Энэ соёл, уламжлал тийм ч амархан арчигдахгүй. Харин нийгмийн хөгжил цаг зуурын хаос төлөвт шилжмэгц үнэт зүйлдээ үнэнч байх, түүнийг зорилгоо болгох сэтгэл, оюуны боломж, чадвар нь суларч байгаагийн л илрэл байх. Эргээд чангарчихна даа.

-Авлигын нэг шалтгаан нөхцөл нь үнэт зүйлийг үл тоомсорлох болон ёс суртахууны доройтол гэж үздэг шүү дээ?

Тэгэхээр юуны өмнө авлигын шалтгаан ба нөхцөлийг ялгах шаардлагатай байгаа юм. Тэгж байж авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах боломжтой болно.

Шалтгаан гэдэг бол өөр ямар нэг үзэгдлийг үүсгэдэг, тодорхойлдог үзэгдэл, үйлдэл юм. Харин нөхцөл гэдэг нь юмс, үзэгдлийн үүсэх, бүрэлдэн буй болох, хөгжих, оршин байхад нөлөөлөх хүчин зүйл, боломж, бололцоо, тохироо юм. Шалтгаан үгүй бол хэчнээн нөхцөл байгаад ч үр дагавар гарахгүй, мөн эсрэгээрээ шалтгаан хэдий байвч нөхцөл бүрдээгүй бол үр дагавар гарахгүй. Ядуурал, ажилгүйдэл, хүний хөгжлийн индекс зэрэг бол авлига хүрээгээ тэлэх нөхцөл болохоос түүнийг үүсгэх шалтгаан биш юм.

Авлига үүсэх анхдагч шалтгаан бол хүний шунал, хүсэл. Өдөр тутмын амьдрал хэзээ ч сэтгэл хангадаггүй. Хүсэл, шунал хязгааргүй бөгөөд энэ нь хүнд элдэв зовлон, бэрхшээл үүсгэж, сэтгэл ханамжгүй байдал бий болгодог. Улмаар нийтээс итгэж хүлээлгэсэн эрх мэдэл, албан тушаал, боломжийг ашиглах зэрэг зүй ёс, хүн ёс, хууль ёсонд харш элдэв аргаар хүсэл шуналаа гүйцээх, илүү ихийг эзэмших, өмчлөх, олох, авах үйлдэл хийдэг.

Шунал, хүслийг хорих, тогтоон барих нь ёс суртахуун, үнэлэмж, үнэт зүйлийн мэдрэмж, мэдлэг, чадвартай холбоотой. Нөгөө талаас, хэн ч авлигач болж төрдөггүй, гэсэн хэдий ч хүмүүс олз ашиг нь өндөр, шийтгэл нь тааруухан байгааг олж мэдээд авлигад автдаг. Төрийн болон хувийн байгууллагын олон албан тушаалтан шударга байхаас эхэлдэг ч дараа нь авлигад автдаг гэж үзэх нь бий. Аль аль нь л үнэт зүйлтэй холбоотойгоор тайлбарлагдана.

Авлигын шалтгааныг хувь хүнтэй холбоотой, байгууллагатай холбоотой, тогтолцоотой холбоотой гэж ангилсан байдаг. Үнэт зүйлийг зорилгоо болгохгүй байх, ёс суртахууны доройтол зэрэг нь авлигын хувь хүнтэй холбоотой шалтгаан юм. Харин байгууллагатай холбоотой шалтгаанд дүрэм, журам, дотоод соёл, ёс зүй, үйлчилгээний шат дамжлага, ил тод байдал зэргийг дурдаж болно. Засаглалын тогтолцоо, эрх мэдлийн хуваарилалт, хууль сахиулах системийн хараат бус байдал зэрэг нь тогтолцооны буюу системийн шинжтэй шалтгаан юм.

-Тэгвэл, ёс суртахууны доройтлын шалтгаан юунд байна?

-Ёс суртахууны доройтол олон зүйлийн шалтгаантай боловч дотоод шалтгаан илүү нөлөөтэй. Хүний амьдрал хийгээд нийгмийн мөн чанар, бодит байдлыг ойлгож ухаараагүй, эсвэл буруугаар ойлгож ухаарсан нь үндсэн шалтгаан болдог. Тухайлбал, бүх зүйл хувьсан өөрчлөгддөг, оршин буй бүхэн харилцан хамааралтай зэрэг суурь зарчим дээр хүний амьдрал, ёс суртахуун тогтож байдаг. Энэхүү учир, зүй тогтлыг ухаараагүйгээс л хүн хэрэгцээнээсээ давсан ихийг жолоогүй хүсэж шунадаг. Хүсэл, шуналыг удирдах жолоо нь үнэлэмж, үнэт зүйл бөгөөд “жолоодох дүрэм” ч бий. Тэр дүрэм нь шударга ёс.

АТГ

http://credit-n.ru/offers-zaim/vivus-potrebitelskie-zaymy-online.html http://credit-n.ru/offers-zaim/vashi-dengi-zaim.html http://credit-n.ru/zaymyi.html

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …