Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас Монгол Улсын Шинжлэх ухааны акедамитай хамтран нийслэл хотыг цэвэр агаартай, эрүүл аюулгуй орчинтой болгох, агаар, хөрсний бохирдлын эх үүсвэрийг судлан тогтоох, хүний эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн, шинэлэг технологийн шийдлүүд болон тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, эрдэм шинжилгээний судалгаа, шинжлэх ухаанд суурилсан бодлого, хөтөлбөрийг боловсруулахад чиглэсэн зөвлөмж гаргах зорилгоор “ЦЭВЭР АГААРТАЙ ХОТ“ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний цахим хурлыг 2020 оны зургаадугаар сарын 17-ны өдөр буюу өнөөдөр зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээний хуралд Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Хими, Химийн технологийн хүрээлэн, Биологийн хүрээлэн, МУИС, ШУТИС, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Цаг уур орчны шинжилгээний газрын эрдэмтэн судлаачид оролцож байна.
Тус хурлаар дотоодын болон олон улсын 30 гаруй эрдэмтэн судлаачид “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ”, ”Дотоод орчны агаарын чанарыг түүхий нүүрс болон сайжруулсан түлшний хэрэглээгээр харьцуулан судалсан нь” ”Нүүрсний үнсийг ашиглах технологийн шийдэл, боломжит хэрэглээ” зэрэг 30 гаруй судалгааны сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, хурал үргэлжилж байна.