“Хотын соёл” аяны хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, Цагдаагийн удирдах газартай хамтран “Хоггүй аян-2” арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус арга хэмжээг гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд ирэх есдүгээр сарын 25 хүртэл зохион байгуулах юм. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын ажилтан, албан хаагчид “Зунжин”, 22-ын товчоо гэх мэт хотоос гарах хөдөлгөөний урсгал дагуу нийт 6 байршилд байрлаж, хотоос гарч буй иргэдэд байгаль орчинд амарч зугаалахдаа ил задгай хогоо хаяхгүй байхыг уриалаад “Хоггүй аялал гоё” гэсэн автомашины стикер, хогийн уут тарааж буй юм.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Хотын соёл” аяны хүрээнд “Хоггүй аян-2” арга хэмжээнд Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн нэгдэн ажиллаж байна.
Байгаль орчинд хог хаягдлаа хаяхгүй, орчноо бохирдуулахгүй байх нь иргэн бүрийн үүрэг. Гэвч сүүлийн жилүүдэд амралт зугаалганд явсан иргэд маань хур хогийг үүсгэж, хаа сайгүй хог тарьж байгаа нь байгаль экологид төдийгүй, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болоод байна. Тиймээс иргэд та бүхэн үүргээ ухамсарлаж зөв боловсон амарч зугаалах ёстой гэдэг уриалгыг нийслэлийн Аялал жуулчлалын газартайгаа хамтран гаргаж байгаа юм. Та бидний амьдарч байгаа эх дэлхий нэг учир иргэд та бүхэн байгальд хогоо хаяхгүй байхыг уриалж байна” хэмээлээ.
“Хоггүй аян-2” арга хэмжээг эхний ээлжинд иргэдэд ийнхүү байгаль эх дэлхийдээ хогоо хаяхгүй зөв боловсон амарч зугаалахыг уриална. Дараагаар нь хувийн хэвшлүүдийн төлөөлүүдтэй хамтран хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах зэрэг сургалт мэдээллүүдийг хийхээр төлөвлөж байгаа талаар нийслэлийн Аялал жуулчлалын газрын Маркетинг, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Э.Оргилцэцэг хэлсэн юм.