“Чиглэл” ХХК нь Халдварт өвчин судлалын үндэсний төвд 30 гаруй сая төгрөгийн үнэ бүхий гал тогооны тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Халдварт өвчлөлийн үед өвчтөнүүдэд эм, эмийн эмчилгээнээс гадна илчлэг чанар сайтай, шим тэжээлтэй хоол хүнсээр дэмжих нь нэн чухал билээ.
ХӨСҮТ-ийн Хоол үйлдвэрлэлийн тасаг нь өдөрт 6 удаа давтамжтай, нийт 18 тасгийн 1300-1400 хүнд хоол түгээдэг бөгөөд хоол түгээлтийн хэрэгсэл болон гал тогооны хэрэгсэл нэн шаардлагатай байсан юм.
Халдварын өвчлөлийн төрлөөс шалтгаалж хоолыг ангилан бэлтгэж, өвчтөнд хүргэдэг бөгөөд тээвэрлэх явцад асгарах, хөрөх зэрэг асуудлууд гардаг байна.
Энэхүү асуудлыг эцэслэж Чиглэл ХХК ХӨСҮТ-ийн харьяа Хоол үйлдвэрлийн тасагт 30 нийт 17 нэр төрлийн 563 ширхэг гал тогооны тоног төхөөрөмж багаж хэрэгсэлүүд, хоол зөөвөрлөхөд ашиглах Nissan – NV200 маркийн авто машин, 4000 ширхэг эрүүл мэндийн 1 удаагийн амны маскуудыг тус тус бэлэглэлээ.
“ХӨСҮТ”-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, профессор Д.Нямхүү: Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 30 жил ажилласан “Чиглэл” компани маань ХӨСҮТ-ийн Гал тогооны хамт олонд маань 30,000,000 төгрөгийн гал тогооны тоног төхөөрөмж, хэрэгсэл хандивлалаа.
Манай төв нь нийтдээ 9 га газартай 27 байшинтай, энэ дотроо байшин хооронд хоол хүнс өвчтөнүүдэд, эмчлэгдэж байгаа хүмүүст, мөн өөрсдийн ажилтануудад хоол ундаа хашаан дотор зөөхөд хэрэглэх зориулалтын хүргэлтийн машин хандивлалаа энэ бол бидний ажилд гүн туслалцаа үзүүлж байгаа юмаа. Хоол хүнс гэдэг бол дархлааг сайжруулдаг Covid-19-тай тэмцэхэд бидэнд зөв хооллолт, чанар сайтай эрүүл зөв хоол бол үнэхээр нэмэр болно. Тэгэхээр биднийг онож бидэнд тусаллаа манай хамт олон маш их баярлаж байна та бүхний стандартад нийцсэн энэ багаж төхөөрөмж хоолны хэрэгсэлүүдээр бид нар сайхан хоол хийж чанартай илчлэг, сайтай хоолуудыг хийж энэ халдвартай хүмүүсээ сэргээн босгоноо. Та бүхэн энэ хүмүүсийг эмчлэхэд хувь нэмрээ орууллаа. Баярлалаа.
“Чиглэл” ХХК-ийн Ерөнхий захирал, үүсгэн байгуулагч Ц.Бумцэнд: ХӨСҮТ-д манай хамт олон компанийхаа үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиодуулан корона хэмээх аюулт өвчний үед ард иргэдээ хамгаалах энэ хүндтэй буюу хариуцлагатай үед ажиллаж байгаа энэ хамт олонд бид гал тогоонд нь судалгаа хийсний үндсэн дээр гал тогооны тоног төхөөрөмжийг сайжруулах, туслах хэрэгсэлүүдийг бэлтгэх, зөөврөөр хоол түгээдэг асуудлыг хөнгөвчлөх зорилгоор зөөврийн автомашиныг багаж хэрэгсэлийн хамт өнөөдөр бэлэглэж байгаадаа туйлын их баяртай байна.
“ХӨСҮТ”-ийн Хоол үйлдвэрлэлийн тасгийн эрхлэгч Г.Оюунтуяа: Халдварт өвчлөлийн үед өвчтөнүүдэд эм, эмийн эмчилгээнээс гадна илчлэг чанар сайтай, шим тэжээлтэй халуун хоол хүнсээр дархлааг дэмжих нь нэн чухал юм. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн харьяа Хоол үйлдвэрлэлийн тасаг нь байгуулагдаад 20 жил болж байгаа бөгөөд ХӨСҮТ- Хоол үйлдвэрлэлийн тасаг нь бусад эмнэлгийн ижил тасгуудаас онцгой нөхцөлд ажилладаг. 2020 оны 2 сараас Ковид-19 халдварт өвчин гарсантай холбоотой эмнэлгийн эрс ачаалал нэмэгдэж Монгол иргэдээс гадна Франц, Орос гэх мэт олон улсын өвчтөнүүд эмчлүүлж байна. Тэдгээр иргэдэд зориулан тусгай меню гарган үйлчилгээ үзүүлдэг.
-Өвчтөний хоолыг хэдэн удаагийн давтамжтай, яаж хүргэдэг вэ?
Өдөрт 6 удаа давтамжтай, нийт 18 тасгийн давтагдсан тоогоор 1300-1400 хүнд хоол түгээдэг. Хоолыг 10л хэмжээтэй төмөр савуудад хийн тасаг хооронд асрагч, нярав нар зөөвөрлөн хүргэдэг. Бэлтгэсэн халуун хоолыг шуурхай хүргэх нь чухал байдаг ч тасаг хоорондын зай болон ажилчдын тооноос хамаарч замдаа саатах, хөрөх, зөөвөрлөх явцад асгарах зэрэг асуудлууд гардаг. Мөн улирлаас хамаарч хоол тээвэрлэлтэд хүндрэл гарах тохиолдлууд байдаг.
-Тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хамгийн сүүлд хэзээ хийсэн бэ?
2006 онд тоног төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэл хийсэн ч тоног төхөөрөмжийг сайжруулах нэн шаардлагатай байсан.
Ковид-19 халдварын өвчлөлөөс шалтгаалж эмнэлгийн ачаалал эрс нэмэгдсэн. Энэхүү шаардлагатай цаг үед Чиглэл ХХК эмнэлэгт шаардлагатай түгээлтийн машин, халуун баригч сав, гал тоног төхөөрөмж зэрэг нийт 30 гаруй сая төгрөгийн туслалцаа үзүүлсэнд нэн талархаж буйгаа илэрхийлмээр байна.
Тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийснээр ямар давуу тал, ач холбогдолтой вэ?
Хоол үйлдвэрлэлийн тасаг нь 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Гал тогооны тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр нийт ажилчдын ажлын бүтээмж болон хурдыг нэмэгдүүлэх, цаашлаад хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж нээгдэж байна.