Цагдаагийн ерөнхий газрын Экологийн Цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль Эн Тэргүүнд” төслийг зургадугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
“Хогоор бүү хорло” аяны хугацаанд энгийн, аюултай, барилгын болон уул уурхайн хог хаягдлын тухай мэдээллийг олон нийтэд өгч, байгалиа хамгаалах нь зөвхөн төрийн байгууллагын ажил биш болохыг иргэн бүрт ойлгуулахыг зорьж байгаа юм. Байгалиа хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал бөгөөд хүн бүр орчны бохирдлыг бууруулж, экологийн тэнцвэр алдагдахаас урьдчилан сэргийлэх боломжоо ашиглахыг уриалж байгаа юм. Ингэснээр олон нийтийн хандлага өөрчлөгдөж, зөв дадал, соёл төлөвшиж, эерэг өөрчлөлтүүд бий болгох зорилготой юм.
Уг төслийн хүрээнд “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 3 дугаар зүйл “Газар, түүний хөрсийг аливаа нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх” тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх, мөн дээрх төслийн “Амьдралын зөв хэв маяг” бүлгийн “Хотын болон аяллын дүрэм, Хог хаягдлын алтан дүрэм” сэдвээр олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хийж байна.
Тэгвэл энэхүү аянд “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука буюу Д.Уламбаяр нэгджээ.
Тэрбээр “Экологийн Цагдаагийн албанаас зохион байгуулж буй Байгаль Эн Тэргүүнд| Хогоор бүү хорло аянд би нэгдэж байна.Миний бодлоор Байгаль дэлхийтэй хэрхэн харилцаж буйгаас тухайн хүнийг шууд таних боломжтой! Цэвэрхэн хувцасласан ч хогоо зориулалтын газар хаяж чадахгүй хүмүүс бидний дунд бий! Анхаарах хайрлах сэтгэлээр байгальдаа ээлтэй хандацгаая!” хэмээн хэлжээ.
Иргэд та бүхнийг идэвхтэй оролцон дэмжиж байгаль хамгаалах иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.