Цаг уурын мэдээллээр ойрын өдрүүдэд аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэд, олон нийтэд болзошгүй үер, уснаас урьдчилан сэргийлэх, хороодын нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдалтай танилцах зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргаар ахлуулсан дүүргийн Онцгой комисс 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цагт онлайнаар шуурхай хуралдлаа.
Хурлаар дүүргийн Онцгой комиссын гишүүд, 21 хорооны Засаг дарга нар оролцож, үер усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа.
Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан “Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд нийт нутгаар бороо устай байх талаар мэдээллэж байгаа. Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комиссын гишүүдэд дараах чиглэлүүдийг өглөө. Үүнд: 1. Иргэд, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюулаас сэргийлэх, шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч ажиллах.
2. Үндэсний их баяр наадмаар дүүргийн Онцгой комиссын гишүүд уялдаа холбоотой өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин хариуцлагатай ажиллах.
3. Үерийн ус, лаг шавар соруулах техник төхөөрөмж, хэрэгцээтэй багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах,
4. Амралт зугаалганы улирал үргэлжилж байгаа тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад амралт, чөлөөт цагаа сонор сэрэмжтэй өнгөрүүлэх, гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд хараа хяналтаа тавих зэрэгт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудын удирдлага, комиссын гишүүдэд тус тус даалгалаа.