Энэ удаагийн дугаарын “Онцлох зочин”-оор ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төвийн дарга, хошууч А.Ариунбилэгийг урьлаа. Тэрээр Онцгой байдлын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байна.
– Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төв нээлтээ хийлээ. Төвийн үйл ажиллагааны талаар яриагаа эхэлье?
ОБЕГ-ын удирдлагууд 2019 онд Налайх дүүрэг дэх Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн “В” корпусдХувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төвийг байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ дагуу барилгын засвар үйлчилгээг хийж, тоног төхөөрөмжүүдийг суурилуулан, тохижилтын ажлыг гүйцэтгэн, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Мөн эрх зүйн болон үйлдвэрлэл, технологийн баримт бичиг, дүрэм журмуудыг боловсруулах, батлуулах зэрэг ажлууд хийгдсэн. Төвийн бүтцийг бусад цэргийн байгууллагуудын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо ширхэг, нэр төрөл, тоног төхөөрөмж, цалин хөлс зэргийг судлан харьцуулж, өөрийн байгууллагын онцлогт тохируулан гаргасан. ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн бүтцэд захиргаа, аж ахуйтайгаа нийлээд нийт 60-аад ажилчин, албан хаагчтай. Үндсэн чиг үүрэг нь Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын дүрэмт болон тусгай зориулалтын 40 гаруй нэр төрлийн хувцас хэрэглэлийг стандарт шаардлагын дагуу оёж үйлдвэрлэх туршилт үйлдвэрлэлийн хэсэг, тусгай зориулалтын хувцас хэрэглэлийг цэвэрлэн ариутгах, засан сэлбэх, туршин шалгах үйл ажиллагааг явуулах цэвэрлэгээний гэсэн хоёр хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулах юм. Мөн туршилт үйлдвэрлэлийн хэсэг нь хатгамалын, эсгүүрийн болон гүйцэтгэн боловсруулах, бөөнөөр үйлдвэрлэх оёдлын, захиалгат хувцасны гэсэн дөрвөн тасагтай байна. Ингэснээр гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллах боломжтой болно гэсэн үг.
–Ажиллах хүч, техник хэрэгсэл гээд бүх зүйл шинэ байгаа байх?
Тэгэлгүй яахав. Налайх дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран дүүргийн оёдлын ажил эрхэлж байсан тодорхой хэмжээний ур чадвартай иргэдээс сонгон шалгаруулт хийж, хүний нөөцөө бүрдүүлсэн. Шалгаруулалт тэнцсэн иргэддээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ажлын байрны соёл, хөдөлмөрийн харилцааны талаар сургалт зохион байгуулж бэлтгэсэн. Мөн сүүлийн үед үйлдвэрлэлд өргөнөөр ашиглаж байгаа зохион бүтээлт, хар зургийн программыг ашиглаж байна. Хэдийгээр цөөхөн ажилчидтай ч сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологи ашиглан өдөрт дунджаар 70 орчим ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх тооцоололтойгоор ажиллаж байгаа. Гэхдээ үйл ажиллагаагаа эхлээд, ажил жигдэрчихвэл энэ тоог нэмэгдүүлэх боломжтой.
-Алба хаагчдын хувцас хэрэглэлийг стандартын дагуу өөрсдөө урладаг болох нь. Төв байгуулагдснаар гарах үр дүн, ач холбогдлыг та яаж харж байна?
Онцгой байдлын байгууллагын хувцас хэрэглэлүүдийг тендер шалгаруулалтаар худалдан авдаг байсан. Жил бүрийн худалдан авалтаар өнгө, өмсгөл хэмжээ янз бүрээр хувцас хэрэглэл бэлтгэн нийлүүлэгддэг асуудал гардаг. Энэ асуудал шийдэгдэнэ. Нөгөө талаар албаныхаа онцлог, ажлынхаа нөхцөл байдалдаа тохируулан, стандартын шаардлагадаа нийцсэн чанартай, хямд хувцас хэрэглэлээр хангагдах боломжтой болох юм. Үүнээс гадна байгууллагын хувцасны чиглэлээр хийх бодлогын асуудлуудаа хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
–Ингэхэд таны анхны ажлын гараа хаанаас эхэлсэн бэ?
Би 1998 онд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийг Оёмол бүтээгдэхүүний технологич инженер мэргэжлээр төгссөн. 2000 онд мөн сургуульдаа Техникийн ухааны магистр, 2015 онд Удирдлагын академид Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Одоо Үндэсний Батлан хамгаалах их сургуульд Аюулгүй байдал судлалаар докторантурт суралцаж байна. Ажлын анхны гараагаа “Бишрэлт индастриаль” ХХК буюу хуучнаар Хүүхдийн хувцасны үйлдвэрт технологичоор эхэлж байлаа. Онцгой байдлын байгууллагад ажиллахаас өмнө “Бөртэ” ТӨҮГ-т үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан юм. Тэнд Онцгой албаны хувцсыг оёдог байлаа. Нэг өдөр ерөнхий захирал намайг дуудаад Онцгой байдлын ерөнхий газар мэргэжлийн хүн ажилд авъя гэнээ чи очих уу гэж байна. Тухайн үед би учрыг сайн ойлгоогүй ч цэргийн хүн болно гэдэг надад таалагдсан учир шууд зөвшөөрсөн. Цэргийн гэр бүлээс гаралтай. Өвөө, аав, эгч минь цэргийн хүмүүс. Цэргийн хоолноос идэж, цэргийнхний байранд амьдарч, хүүхдүүдтэй нь тоглож, цэргийн машинаар нүүдэг байсан гээд хүүхэд насны дурсамж их. Тэгээд л 2009 онд Санхүү, аж ахуй, үйлчилгээний газрын Хангалт үйлчилгээний хэлтэст Хувцасны хангалтын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Сүүлд сонсохнээ ОБЕГ-аас хувцасны мэргэжлийн хүн авах хүсэлт гаргахад нь миний анкет цуг танилцуулагдчихсан байсан байна лээ. 2015 онд Гамшиг судлалын хүрээлэнд Инновацийн төв шинээр байгуулагдаж хувцасны технологи хариуцсан судлаач бөгөөд Зохион бүтээх секторын эрхлэгчээр 2020 оны 04 дүгээр сар хүртэл ажилласан.
-Таны ажил нэлээд онцлогтой. Загварыг нь гаргасан, өөрчилсөн гээд албаны хувцас хэрэглэлийн загвар шинэчлэлд хийсэн томоохон ажлуудаасаа дурдахгүй юу?
Сүүлийн 10 жилд Онцгой байдлын байгууллагын хувцас хэрэглэлийн тоо ширхэг маш их нэмэгдсэн. 2008 онд 23 нэр төрлийн хувцас хэрэглэлтэй байсан бол өнөөдөр Онцгой байдлын байгууллагын алба хаагч 84 нэр төрлийн дүрэмт болон тусгай зориулалтын хувцас хэрэглэл өмсөж хэрэглэж байна. Нэр төрөл нэмэгдэх тусам түүний загвар дизайн, техникийн тодорхойлолт, түүнд тавих стандарт шаардлага, эдэлгээ норм зэргийг боловсруулах шаардлага гардаг. Энэ хугацаанд дүрэмт хувцасны загвар батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хоёр удаа, эдэлгээний хугацаа батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, хувцас хэрэглэлтэй холбоотой Шадар сайдын тушаалын төслийг гурван удаа боловсруулан батлуулсан байдаг. Мөн ЗХЖШ-ын даргын тушаалаар батлагдах хувцас өмсөх дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байсан. ШУТИС-ийн багш судлаачидтай хамтран Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн дүрэмт болон тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн 16 үндэсний стандарт, мөн ажлын хэсэгтэй хамтран байгууллагын гурван стандартыг боловсруулан батлуулсан. Мөн Гамшиг судлалын хүрээлэнд зуны хээрийн хувцасны материалыг нанотехнологиор боловсруулан турших, Онцгой байдлын албаны хувцасны өнгөлөн далдлалтын шинэ өнгө гаргах, гал сөнөөгчийн тусгай зориулалтын хувцасны дулаалгын шинэ шийдлийн туршилт зэрэг хувцас хэрэглэлтэй холбоотой судалгааны ажлуудыг хийсэн. Онцгой байдлын алба бол миний амьдралын нэг хэсэг. Бусад цэргийн байгууллагуудын хажууд манай алба цэл залуухан байгууллага шүү дээ. Гэхдээ маш хурдацтай хөгжин дэвжиж байгаа нь их олон зүйл дээр харагддаг. Мөр зэрэгцэн ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүндээ сайн сайхан бүхийг хүсэн ерөөе.
Блиц асуулт:
-Таны хамгийн гоё “гоёл” юу вэ?
Миний дүрэмт хувцас, мөрдэс
–Амралтын өдрөө хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Гэр бүлтэйгээ өнгөрүүлэхийг хичээдэг
-Хийх дуртай хоол?
Жигнэсэн гурилтай, хавиргатай рагу
–Бусдаас суралцдаг зан чанар?
Хүний сайн талыг олж харах
-Өөрийгөө хөгжүүлдэг арга барил?
Шинэ газар очих, шинэ хүмүүстэй танилцах
-Хэлэх дуртай үг?
Сайн явах санааных
-Унших дуртай ном?
Түүхэн рамонууд
-Ажилдаа баримталдаг зарчим?
Шударга байх
-Таныг ажлаас өөр “дурлуулдаг” зүйл байгаа юу?
Байлгүй яахав. Их олон зүйл бий. Сүүлийн үед сэтгэл судлалыг их сонирхоод байгаа.
-Гэр бүлээ танилцуулаач?
Нөхөр, 2 хүүхэдтэй. Нөхөр маань эмнэлэгт IT инженерээр ажилладаг.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин