Бүгд Найрамдах Энэтхэг улсад шашны чиглэлээр суралцаж буй хүүхдүүд дэлхий дахинд гарсан “Ковид-19” цар тахлаас болж нутагтаа ирж чадахгүй хөл хорионд ороод байсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай” 206 дугаар тогтоолыг баталж, 179 хүүхэд, багш нар тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн.Хүүхдүүд ирсэн даруйдаа 21 хоногийн тусгаарлалтад байж байгаад 14 хоног энгийн горимтой тусгаарлалтад лам багшийн хамт Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт амарч байсан юм. Тэгвэл 14 хоногийн тусгаарлалтын хугацаа өчигдөр дуусч 179 ламхай гэртээ харилаа.
Тэднийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг, Хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал, Олон улсын “Найрамдал” цогцолборын захирал Ш.Одончимэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенс, НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгааллын зөвлөх С.Энхтуяа нар үдэж өгсөн.
Ламхай хүүхдүүд 14 хоногийн тусгаарлалтад байхдаа “Хамтдаа оролцож, хамтдаа хөгжицгөөе” уриан дор тусгайлан боловсруулсан хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан бөгөөд, үндэсний соёл, ёс заншлаас суралцах, өөрийгөө хөгжүүлэх, мөн нийгэм сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг авсан юм.Түүнчлэн хүүхдүүдийг “Найрамдал” зусланд амарч байх хугацаанд мэргэжлийн сэтгэл зүйчид ажиллаж, хүүхэд бүрт сэтгэл зүйн оношлогоо хийж, зөвлөгөө өгөх, хүүхдийн мэдрэмжийн болон боловсрол, хөгжлийн хэрэгцээг тодорхойлох судалгаа хийж, аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар/хэлтсээр дамжуулан хүүхдүүдийн ар гэрт нөхцөл байдлын үнэлгээг хийсэн. Цаашдаа хүүхэд бүрт хийсэн үнэлгээний үр дүн, дүгнэлтэд үндэслэн кейс менежментийн төлөвлөгөө гаргаж ажиллана гэдгийг ГБХЗХГ-ын дарга М.Энх-Амар энэ үеэр онцолж байлаа.
Тусгаарлалтад байсан нийт хүүхдийн 70 орчим хувь нь Завхан, Баянхонгор, Архангай, Төв, Хэнтий, Увс аймгийн харьяалалтай, малчин өрхийн хүүхдүүд юм. Мөн Баянхонгор аймгийн Засаг даргын шийдвэрээр тус аймгийн харьяатай 40 хүүхдийг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хариуцан хүлээн авч эцэг эх асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулсан.
БНЭУ-д шавилан суралцаж байсан 179 хүүхдийг эх орондоо ирэхэд, мөн Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт амрах үеийн зардлыг шийдэхэд гүн туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж байгаа НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олонд талархал илэрхийлье.