Урин дулаан цаг ирж аялал, зугаалгаар явах хүмүүсийн цуваа Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Гүрмийн нуур луу үргэлжилсээр байна.
Харин 2020 оны 07 дугаар сарын 14-ний өглөө 09 цаг 30 минутад иргэнээс “манай 4 хүүхэд нууранд живлээ, туслаарай” гэх дуудлага мэдээллийг тус сумын цагдаагийн хэсэгт өгчээ.
Дуудлагын дагуу Хэнтий аймгийн Баян-Овоо сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Раднаабазар, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Мөнхтуяарах-Од нарын бүрэлдэхүүн түргэн шуурхай, зоримог ажиллан 5-8 насны 4 хүүхдийн амь насыг аварчээ.
Анх очиход нөхцөл байдал ямар байсан бэ?
Н.Раднаабазар: Миний хувьд шөнөжин эргүүлийн үүрэг гүйцэтгээд 07 дугаар сарын 14-ний өглөө эргүүлээсээ буугаад дөнгөж гэртээ орж ирсний дараа “4 хүүхэд нууранд живэх нь” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Бид дуудлагын дагуу яаравчлан дугуй засварын газраас дугуйн олгой хоёрыг хийлүүлж, усны хантаазаа аваад шууд нуур луу явсан.
Э.Мөнхтуяарах-Од: Очсон даруй эхлээд нуурын урд талаас сэлэх гэсэн боловч давлагаа нь урдаасаа байсан учраас чадаагүй, тиймээс нуурын зүүн талруу гүйж тэндээсээ сэлсэн. Эцэг эх нь нэлээн сандарсан, харин 5-8 насны 4 хүүхэд нуурын тэг голд цочирдсон, уйлсан байдалтай байсан.
Нуур гол хэсэгтээ 30 метрийн гүнзгий
Гүрмийн нуур ямар хэмжээтэй, хэр гүн бэ?
Н.Р: Нуурын тойргийн радиус 9,2 км урттай, гол хэсэгтээ маш гүн гэж ярьдаг. Тогтмол нуур учраас бүх зүйл гол хэсэг рүүгээ татагддаг тогтоцтой. Дугуйн олгой эсвэл хөвөгчгүй тохиолдолд шууд доошоо сорогдох аюултай байсан.
Э.М: Тухайн үед хүүхдүүд нуурын баруун эрэгт хийлдэг гудастай тоглож байсан юм билээ. Эцэг эхийн хараа хяналт бага байснаас болж хүүхдүүд хийлдэг гудастайгаа хөвөөд нуурын гол буюу гүн хэсэг рүү явчихсан байсан. Хийлдэг гудсан дээр нь ус тогтчихсон. Хэрэв цаг алдсан бол хий нь гараад хөмрөхөд бэлэн болж байсан.
Та хоёр сэлж чаддаг уу?
Н.Р: Үгүй, мэргэжлийн сэлдэг хүн бидний дунд байгаагүй болохоор үнэнийг хэлэхэд эхлээд айж байлаа. Гэхдээ аврал эрж байгаа эцэг эхчүүд болон хүүхдүүдийг хараад айдгаа авдартаа хийдэг юм билээ. Энэ бол миний үүрэг, надад айх эрх байхгүй л гэж бодсон.
Э.М: Эргээс сэлж очсон болохоор гэнэт хөл бадайрах үед хүүхдүүдрүү очиж чадахгүй наана нь өөрсдөө живчих вий дээ л гэж айж байсан.Гэхдээ хүүхдүүдийн уйлж, орилох чимээ ойртох тусам ядрах, айхаа умартан сэлж байсан. Нэг л мэдэхнээ хүүхдүүдийн ард ирээд, хойноос нь түрж сэлээд нуурын эрэгт авчирсан.
Нуурын эрэг дээр олон хүн байсан уу?
Э.М: Нуурын эргээр олон хүн байсан боловч аврах оролдлого хийгээгүй, зураг дарсан байдалтай байсан.
Сэлж чадахгүй хэрнээ гүн нуурлуу хүүхдүүдийг аврахаар сэлж байх үед юу хамгийн их бодогдсон бэ?
Н.Р: Хүүхдүүдийг аврах үед бурхан болсон аавыгаа их бодож байсан. Хүний амь нас хичнээн үнэ цэнэтэй билээ гэдгийг илүү их ойлгосон.
Э.М: Миний хувьд усанд сэлж чадахгүй болохоор эхнэр хүүхэдрүүгээ буцаад очиж чадахгүй бол яанаа л гэж бодож байсан. Гэр бүлийнхээ үнэ цэнийг л ойлгосон доо.
Гэр бүлийнхээ тухай яривал?
Э.М: Эхнэр бид хоёр гэр бүл болоод 2 жил болж байна. Хөөрхөн бяцхан охинтой. Миний хань миний мэргэжлийн онцлогийг их ойлгодог. Миний ар тал болж, амьдралыг минь түшдэг дээ.
“Мэдлээ, гүйцэтгэе” гэж илтгээд л ачаагаа бэлдээд ирсэн.
Булган аймгийн хүүхэд Хэнтий аймагт томилогдоод ажлын гараагаа эхэлсэн юм байна. Анх ирж байсан үеэ дурсвал?
Н.Р: 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймагт томилогдон ирсэн. Анх ирэхэд их сонин байсан, арга ч үгүй байх. Хэнтий аймагт ирж ч үзээгүй байсан хүн шүү дээ. Гэхдээ цагдаагийн алба хаагч гэдэг өргөсөн тангарагтай, хүлээсэн үүрэгтэй тул “Мэдлээ, гүйцэтгэе” гэж илтгээд л томилгоогоо сонссоны маргааш нь ачаагаа бэлдээд ирж билээ.
Иргэдэд сэрэмжлүүлэг хүргэхийг таниас хүсье.
Энэ үйл явдлын дараа дахин 3 хүүхэд тэр нууранд хийлдэг ширдэгтэй хөвчихлөө гэсэн дуудлага ирсэн. Эцэг эхчүүдэд хандан хэлэхэд гол, мөрөн, нуурын эргээр аялж, зугаалах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, чанаргүй хийлдэг завь, ширдэг, хөвөгчийг хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.
С.Мягмарсүрэн