Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон нүхэн гарцын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр тэргүүтэй холбогдох албаныхан өнөөдөр Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хийгдэж буй авто замын бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа.  

Баянзүрх дүүргийн 13, 26 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх Ахмадын хорооллын орчмын Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон төмөр зам доогуурх явган зорчигч, автомашинд зориулсан нүхэн гарц барих ажил хийгдэж байна.

Энэхүү замыг ашиглалтад оруулснаар Нарны замын ачааллыг Дүнжингарав руу хуваахаас гадна Офицеруудын ордны тойргоор заавал тойрохгүйгээр уг босоо тэнхлэгийн замаар зорчих боломж бүрдэнэ. Одоогийн байдлаар замын трасст хоёр нэгж талбар өртсөн байгаа бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх шатанд яваа аж.  

“Нийслэлийн хэмжээнд авто замтай холбоотой 100 гаруй төсөл хэрэгжиж байгаагаас 20 гаруй төсөл газар чөлөөлөлтөөс болж гацаад байна. Газрын албаныхан үүнд анхаарч ажиллаж байгаа ч нөхөн олговортой холбоотой зарим нэг хүндрэл бий” гэдгийг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлж байлаа.

Мөн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо ФМ-104,5 байрнаас гэр хорооллын дундуурх 0.8 км авто зам, Сонгинохайрхан дүүргийн 10, 25 дугаар хороодын нутаг дэвсгэрт Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрийн эхний ээлжийн ажлыг явцуудыг шалгав. Эдгээр замууд нь хотын төв болон Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ач холбогдолтой.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Өнөөдөр үүссэн нөхцөл байдалд тавигдсан төсвийн хөрөнгийг хааш нь хуваарилах вэ гэдэгт шийдэл гаргах гэж хамгийн хүндрэлтэй байгаа авто замын гурван төслийн ажлын явцыг газар дээр нь шалгаж байна. Төсвийн үр дүн, төлөвлөлтийг харж мэргэжлийн байгууллагуудыг байлгаж, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ” хэмээлээ.

Мөн тэрбээр авто замтай холбоотой үүсээд буй асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг боловсруулж Засаг даргын зөвлөлийн хурлаар яаралтай хэлэлцүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.  

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …