Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тус яамны удирдлагууд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол улс дахь Суурин төлөөлөгч, УНТЭ, УХТЭ, ХСҮТ-ийн удирдлагуудын хамт Говьсүмбэр аймагт ажиллаа.
Говьсүмбэр аймгийн хувьд Аймгийн нэгдсэн эмнэлэг болон сумын эрүүл мэндийн 2 төвөөр дамжуулан эрүүл мэндийн анхан болон хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээг өөрийн харьяаллын 17 мянга гаруй иргэдэд үзүүлэхээс гадна зэргэлдээх аймгуудын болон явуулын хөдөлгөөнт хүн амд мөн тусламж үйлчилгээг үзүүлдэг.
Аймгийн удирдлагууд болон эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд өөрийн аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал болон тулгамдаж байгаа асуудлуудыг Эрүүл мэндийн сайдад дэлгэрэнгүй танилцуулж, улмаар тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар Т.Мөнхсайхан сайд болон яамны удирдлагуудтай харилцан ярилцаж зарим асуудлыг тодорхой болгож шийдвэрлүүлэв.
Тухайлбал, аймгийн хүн амын дунд зонхилон тохиолдох өвчлөл болон нас баралтыг бууруулах чиглэлээр үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөө боловсруулж, түүнийг ажил хэрэг болгоход яамны түвшинд болон төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгүүд мэргэжил арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэхийг Эрүүл мэндийн сайд холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл болгов. Мөн ДЭМБ-ын зүгээс дээрх төлөвлөгөөг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Тус аймагт энэ жил нэгдсэн эмнэлгийн шинэ барилга баригдаж байгаа. Гүйцэтгэлийн хувьд 70 хувьтай байгааг аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд сайдад танилцуулсан. Шинэ барилгыг төлөвлөсөн хугацаанаасаа хоцролгүй ашиглалтад оруулах, барилгын гүйцэтгэлийн чанарт онцгой анхаарч, гүйцэтгэгч компанитай сайн хамтран ажиллахыг салбарын сайд үүрэг болгосон юм. Мөн эмнэлэг 10 сард ашиглалтад орсноос хойш ажлын байранд сургалт хийж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ хурдацтай чадавхижуулахыг ч санууллаа.
Үүнээс гадна эмнэлгийн тусламж үйлчилгээнд цахим мэдээллийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх, төрийн мэдээллийн сүлжээтэй холбохыг аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлагуудад үүрэг болгосон. Эмнэлгийн мэргэжилтний харьцаа, ёс зүйд онцгой анхаар ажиллах, Уг үйл ажиллагааг эмнэлгийн мэргэжилтний урамшууллын тогтолцоотой уялдуулах шаардлагатай гэдгийг тэрээр онцоллоо. Эрүүл мэндийн салбарын удирдлагуудад хандаж хамгийн түрүүнд хөрөнгө мөнгө шаардахгүй хийж болох ажлаа аймагтаа сайн хийх хэрэгтэйг хэлж байсан юм.