ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.
Тэрбээр“Долдугаар сарын 21-нд гурван лабораторид 461 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Нийт батлагдсан тохиолдол 287 байгаагаас 213 нь эдгэрсэн. 74 хүн эмчилгээнд байгаагийн биеийн байдлыг үнэлбэл 60 нь хөнгөн, 14 нь хүндэвтэр байна.
БНСУ эмчлэгдээд гарсан 100-аад хүнээс дахин вирус илэрснийг мэдээлсэн. Гэсэн ч эмнэлгээс гэртээ гарчихсан байсан тэдгээр хүмүүс бусдад халдвар тараагаагүй хэмээн мэдээлсэн. Яг үүнтэй адил юм манай улсад тохиолдож байна. Эдгэрсэн хүмүүсээс дахин вирус илэрч байгаа нь биднийг гайхшруулж байгаа. Эдгэрсэн хүмүүс цааш вирус тараах эрсдэлтэй эсэх дээр дэлхий дахин хариулт өгч чадахгүй байгаа учраас бид сувиллын ажиглалтын хугацааг зарим тохиолдолд сунгасан” гэж мэдэгдлээ.