Дэлхий нийтэд тохиолдож байгаа цар тахалтай холбоотой бүхий л сургууль, цэцэрлэг хаагдсан энэ үед Лондон хот дахь Монгол сургалтын төв нь монгол хүүхдүүддээ зориулж төрөл бүрийн монгол дуу, шүлэг сурах аяныг эцэг эхчүүдийнх нь тусламжтайгаар амжилттай зохион байгууллаа. Ардын Хувьсгалын 99 жилийн ой Үндэсний их баяр наадам алтан соёмбот Монгол Төрийн далбааны өдрийг тохиолдуулан
Төрийн дууллаа дуулж сурцгаая
Төрийн далбаагаа зурж сурцгаая
цахим аяныг өрнүүлснээр олон монгол хүүхэд Төрийн дууллаа дуулж, Төрийн далбаагаа зурж, утга учрыг нь ойлгож чадсан юм. Цахим аяны хаалтын арга хэмжээнд идэвхтэй амжилттай оролцсон хүүхдүүд, эцэг эхчүүдийн төлөөлөл Лондон хотын алдарт Hyde Park-т цуглан, сурсан мэдсэн зүйлсээ тайлагнаж үзүүлсэн нь олон хүүхдэд үлгэр дууриалал боллоо.
“Хэдийгээр гадаад оронд амьдарч байгаа ч эцэг эхчүүд бид хүүхдүүддээ монгол хэл соёлоо зааж сургах цаг зав боломжоо гаргаж чадах л юм бол хүүхдүүд бидний зааж сургаж байгаа бүгдийг сурч чаддаг гэдгийг манай хүүхдүүд баталж өгч чадлаа” хэмээн уг аяныг зохион байгуулагчид онцлоод энэхүү аяныг дэмжин оролцсон эцэг эхчүүдэд талархал илэрхийллээ.
Лондон хот дах Монгол сургалтын төв нь 2017 оны аравдугаар сарын 22-нд байгуулагдсан бөгөөд гол зорилго нь Лондон хотноо өсөж торниж, сурч боловсорч буй монгол хүүхдүүддээ зориулж монгол хэл яриа, дуу шүлэг, ёс заншил, урлаг соёлоо таниулах, өвлүүлэн үлдээх, хичээлээс гадуурх нэмэлт хичээл дугуйланг ажиллуулах замаар хүүхдүүдийн чөлөөт цагийг идэвхтэй өнгөрүүлэхийн зэрэгцээ монгол хүүхдүүдийн найз нөхдийн харилцаа холбоог өргөжүүлэх юм.
Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд хүүхдүүдтэйгээ тэр бүр монгол хэлээрээ ярихгүй байгаа нь, түүнчлэн тэдэндээ монгол дуу шүлэг зааж, сургаж өгөх сургалтын төв байхгүй байгаа нь олон эцэг эхчүүдийн сэтгэл эмзэглүүлсэн сэдэв болсон тул монгол хүүхдүүддээ зориулсан энэхүү төвийг нээн гурав дахь жилдээ ажиллуулж, давхардсан тоогоор 100 гаруй хүүхдүүдтэйгээр хичээллэж байна.