ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Долдугаар сарын 24-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймаг дах салбар лабораторид нийт 903 хүнд шинжилгээ хийсэн. Ингэхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй.
Тодруулбал,
- Долдугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний 3 дахь давтан шинжилгээ,
- Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 262 хүний 2 дахь давтан шинжилгээг хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.
- БНХАУ-ын 191 иргэний шинжилгээг хийхэд мөн коронавирусийн халдвар илрээгүй. Манай улсад ажиллаж байсан 400 гаруй хятад иргэн нутаг буцаж байгаа. Тэднийг PCR шинжилгээнд хамруулж, лабораторийн бичгийг өгч, явуулах юм. Тэд манай улсын олон аймагт ажиллаж байсан тул нэг талаар тандалт судалгаа болж байна гэж хэлж болно.
- Мөн ажиглах байранд тусгаарлагдаж буй 39 эмч, ажилтнуудаас шинжилгээ авахад халдвар илрээгүй. Өвчтөнтэй шууд харьцаж буй эмч, сувилагч, ариутгалын ажилтан болон үйлчлэгч нарыг тусгаарлан, шинжилгээ авч байгаа.
- Идэвхтэй тандалтаар 11 сорьцыг санамсаргүйгээр сонгон авч шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. (БЗД-ийн ӨЭМТ, ХӨСҮТ-өөс авсан)
- Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 73 хүний давтан
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний давтан,
- Ажиглах байранд байгаа 20,
- Сэлэнгэд тусгаарлагдсан 4 хүний давтан,
- Ачаа тээврийн 24 жолоочийн сорьцод коронавирусийн халдвар илрээгүй.
Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Энэ хүн нь 31 настай эмэгтэй, 32 хоног эмчлэгдэн гарлаасан байна.
Монгол Улсад батлагдсан тохиолдол 288 байгаагаас 218 хүн эдгэрч, дараагийн шатанд шилжээд байгаа юм. Эмчилгээнд 70 хүн байгаа. Үүнээс 61 хүний биеийн байдал хөнгөн, есөн хүний биеийн байдал хүндэвтэр байна гэж үнэлэгджээ.
Улсын хэмжээнд зургаан лаборатори байгаа бөгөөд оношлуурыг нэмж захиалсан тул оношлуур, хүний нөөцийн хувьд хангалттай байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ.